Хойд Кавказын зэвсэгт этгээдүүдийг устгаж, үйл ажиллагааг нь таслан зогсооход тус болох материал Орос улсын Холбооны аюулгүй байдлын албаны мэдэлд байна. Москвагийн метронд 3-р сард болсон алан хядах ажиллагааны гол зохион байгуулагч, гэмт бүлэглэлийн толгойлогч Магомедали Вагабовын талаарх архивын материалын тухай юм. Дагестанд өнгөрсөн амралтын өдөр устгасан зэвсэгт этгээдүүд Хойд Кавказын хууль бус террорист байгууллагатай холбоо сүлбээтэй, мөн тэд гадаадын гэмт бүлэглэлүүдтэй холбоотой болох нь архивын баримтаас тодорхой байна. Холбооны Аюулгүй байдлын албаны захирал Александр Бортников энэ мэдээллийг баталлаа. Хойд Кавказ, мөн гадаадын дээрэмчдийн бүлэгтэй холбоотой Вагабовын бүлгийн байрлах газар, зорилт, гүйцэтгэдэг үүрэг зэргийн хувьд үнэхээр сонирхол татаж байгаа архивын материалыг байлдааны шуурхай ажиллагааны явцад илрүүлсэн. Хэргийг шийдэх холбогдох ажиллагааны дараа архивын материалыг нийтлэхийг Холбооны Аюулгүй байдлын албаны захирал үгүйсгэхгүй байна. Оросын тусгай албад энэ баримтыг их сонирхож байгаа гэж "Альфа" терроризмтай тэмцэх анги нэгтгэлийн ахмадуудын холбооны ерөнхийлөгч Сергей Гончаров манай радио станцад өгсөн ярилцлагадаа тодруулав.  Манай тусгай албад амжилттай ажилласныг зөвшөөрөх хэрэгтэй. Одоо олон нөхцөл байдлын учгийг тайлж, зэвсэгт бүлгийн ашиглаж байсан тэр сүлжээг илрүүлж байна. Хамгийн гол нь бидний ойлгож байгаагаар ямар ч тохиолдолд Орос улсад гадаадаас орж ирж байгаа санхүүгийн эх үүсвэрийн тухай юм. Энэ их чухал. Хоёрдугаарт архивын энэ материал Хойд Кавказад, илэн далангүй хэлбэл Оросын төв хэсэгт байгаа зэвсэгт этгээдүүдийн сүлжээг илрүүлэх боломж олгоно. Гадны дэмжлэггүй үүнийг зохион байгуулах аргагүй болохыг бид ойлгож байгаа. Дагестаны Гуниб тосгонд 8-р сарын 21-нд тусгай ажиллагаа явуулах үеэр гэмт бүлгийн толгойлогч Магомедали Вагабов болон өөр дөрвөн зэвсэгт этгээдийг устгасныг сануулъяа. Орос улсын терроризмтай тэмцэх Үндэсний хорооны мэдээгээр Вагабовын зэвсэгт бүлэг Дагестаны нутаг дэвсгэр болон нутгийн хязгаараас гадна болсон олон алан хядах ажиллагаанд оролцжээ. Амиа золиослогч эмэгтэйчүүд 3-р сард Москвагийн метронд дэлбэрэлт үйлдсэн хэргийг Вагабов өөрөө зохион байгуулжээ. Амиа золиослогч эмэгтэйчүүдийн нэг нь түүний иргэний эхнэр байсан юм. Үүнээс гадна тэрээр гэмт бүлэгтээ залуучуудыг идэвхтэй элсүүлж байжээ. Түүнийг устгаснаар Хойд Кавказын хээрийн томоохон командлагчдыг устгах цуврал ажиллагаа амжилттай болсон гэж үзэж байна.