ШХАБ террорист аюул заналтай тэмцэх үр нөлөөтэй төв боллоо. Тус байгууллагын гишүүн орны терроризмын эсрэг сургалтын хоёр дахь хэсэг өнөөдөр эхэллээ.  Сургуулилтын эхний шатанд террорист бүлгийг илрүүлж, тэдний гэмт үйл ажиллагааг таслан зогсоох хамтарсан үйл ажиллагааг боловсруулсан байна. Тухайлбал хүчний байгууллагууд сургуулилтын төлөвлөгөөгөөр олон хүнтэй объектод алан хядах ажиллагааг аюулгүй болгосон байна. ШХАБ-ын гишүүн орнууд терроризм, салан тусгаарлах үзэлтэй тэмцэх асуудлаар 2012 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж байна. Хятад, Орос, Казахстан, Тажикистан, Узбекистан, Киргиз улс ШХАБ-д багтдаг болохыг сануулъяа. Сургуулилтад Энэтхэг, Монгол, Пакистан зэрэг байгууллагын ажиглагчийн статустай улс орны төлөөлөгчид, Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага, ТУХН-ийн терроризмтай тэмцэх төвийн төлөөлөгчид оролцлоо. Бүс нутгийн бараг бүх оронд Афганистан, Пакистаны нутаг дэвсгэрээс мансууруулах бодис, зэвсэгт этгээдүүд нэвтрэх аюул байна. Тиймээс ШХАБ-ын гишүүн орны хамтын ажиллагаа тунхаглалын шинжтэй бус харин бодитой юм. Афганистан дахь террористуудын эсрэг АНУ-ын ажиллагаа зохих үр дүнд хүрээгүй энэ үед тэдний хамтын ажиллагаа илүү бодитой байна. Энэ улсад америкчүүд цөмрөн орсноос хойш тэнд мансууруулах бодисын үйлдвэрлэл олон арван дахин нэмэгдсэн. Бүс нутагт болж байгаа бүхний хариуцлагыг АНУ, ШХАБ-ын гишүүн орнууд ижилхэн үүрч байгааг Оросын шинжлэх ухаан академийн дорно дахины хүрээлэнгийн шинжээч Владимир Сотников тэмдэглэж байна.  Америкчүүд Афганистанд байлдааны ажиллагаа явуулахын зэрэгцээ терроризмтай тэмцэж байна. Энэ хэр нөлөөтэй эсэх нь өөр хэрэг юм. Миний бодлоор Афганистан, Пакистанаас нутаг дэвсгэрт нь шургалж байгаа зэвсэгт этгээдүүдийн эсрэг төв азийн орнууд терроризмтай тэмцэх ажиллагаа явуулж, ШХАБ-ын орнууд Афганистан дахь америкийн цэргийн ажиллагааг дэмжиж байна. Үүссэн нөхцөл байдалд АНУ, Орос улс, ШХАБ-ын гишүүн орнууд ижилхэн хариуцлага үүрч байна. Орос улс болон ШХАБ-ын гишүүн орнуудын нутаг дэвсгэртэй Афганистан болон Пакистан хиллэдэг.  Терроризмтай тэмцэх нь анхнаасаа ШХАБ-ын гол үйл ажиллагаа байсан. Терроризм, салан тусгаарлах, хэт даврах үзлийн эсрэг тэмцэх конвенц байгууллагын анхны баримт бичгийн нэг юм. ШХАБ байгуулагдсан цагаас гишүүн орны нийт нутаг дэвсгэрт хэдэн зуун алан хядах ажиллагааг таслан зогсоож, террорист байгууллагын олон арван толгойлогчийг баривчилжээ. Олон улсын терроризмтай хамтран тэмцэх  хэлбэрийг боловсруулах сургуулилт 2003 оноос ШХАБ-ын хүрээнд болж байна. Тус байгууллагын гишүүн орны нутаг дэвсгэрт оршин суугаа дэлхийн бөмбөрцөгийн хүн амын дөрөвний нэгийн аюулгүй байдлыг  хангаж байна.