Хамтын Аюулгүй Байдлын тухай Гэрээний Байгууллагад /ХАБГБ/ магадгүй бүрэн эрхийг өргөжүүлсэн, илүү үр нөлөөтэй байгууллагууд бий болох ёстой. Арменийн нийслэл Ереван хотод болж байгаа албан бус дээд хэмжээний уулзалтад цугласан ХАБГБ-ын орнуудын төрийн тэргүүн нар ийнхүү дүгнэв. Албан бус дээд хэмжээний уулзалт хэлэлцэх хэргийн нарийн төлөвлөгөөгүй тул гишүүн орнууд сэтгэл түгшсэн бүх асуудлыг хэлэлцэх боломжтой байлаа. Энэ удаа Киргизийн байдал уулзалтын гол сэдэв байв. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев дүрмээсээ гажиж цагаан толгойн үсгийн дарааллаар үг хэлэхийг санал болгож, Киргизийн ерөнхийлөгч Роза Отунбаева хамгийн түрүүнд үг хэллээ. Киргизийн байдал, ХАБГБ түүнд нөлөөлөх боломжийг хэлэлцээд, хямарлын нөхцөлд хариу арга хэмжээ авах механизмын тухайд ХАБГБ-ыг сайжруулах шаардлагатай талаар санал нэгдэв. Киргизд энэ оны 4-р сард эмх замбараагүй байдал дэгдэж, тус бүгд найрамдах улсын түр удирдлага ХАБГБ-аас тусламж хүссэн юм. Эдийн засаг, хүмүүнлэгийн тусламжийг эс тооцвол, тус байгууллага дүрмийн дагуу зөвлөх, шинжээч, ажиглагчаа тийш илгээжээ. Энэ жинтэй хувь нэмэр болсон ч, хангалтгүй байсан юм. Ийм нөхцөлд ХАБГБ-ын үйл ажиллагааг илүү үр нөлөөтэй болгох үүднээс дээд хэмжээний уулзалтад оролцогчид байгууллагын дүрэмд холбогдох өөрчлөлт оруулахаар шийдсэн гэж Д.Медведев уламжлав. Манай үйл ажиллагааны үндэс болох ХАБГБ-ын суурь баримт бичгийг өөрчлөх саналыг бид 12-р сард бэлдэхээр тохиролцсон. Магадгүй бүрэн эрхийг өргөжүүлсэн илүү үр нөлөөтэй байгууллага бий болох шаардлагатай. Дараагийн дээд хэмжээний уулзалтаар Орос, Армени, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс оны эцэст Москва хотод цуглана. Энэ үеэр байгууллагын нарийн бичгийн дарга нарын газар НАТО, Европын Холбоо, НҮБ-ын туршлагад дүн шинжилгээ хийж,  Киргизд болсон шиг үйл явдалтай ХАБГБ хэрхэн тэмцэх саналыг бэлтгэнэ. Харин уулзалтад оролцогчид одоохондоо Киргизийг тогтвортой, үр нөлөөтэй ажилладаг улс болгохын тулд хоёр талын харилцаа болоод ХАБГБ-ын хүрээнд боломжтой бүх тусламж үзүүлэхээ Роза Отунбаевад баталлаа.