Д.Медведев Нижегород, Москва муж, Мордов зэрэг ойн болон хүлэрийн түймэр шатаж байсан оросын гурван бүс нутагт онц байдлын горимыг цуцаллаа. Онц байдлын сайд Сергей Шойгу байгалийн гамшигтай тэмцэх арга хэмжээний талаарх илтгэл танилцуулсны дараа ерөнхийлөгч ийм зарлиг гаргасан тухай Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Наймдугаар сарын 2-нд Орос улсын 7 субъектад онц байдал тогтоосон юм. Түймэртэй талбай их байгаа Рязань мужид онц байдлын горимыг хэвээр үлдээжээ. Орос улсад 6-р сарын дунд үеээс хэт халж байгалийн түймэр дэгдсэн байна. Түймэрт 50 гаруй хүн үрэгдэж, 2500 байшин шатжээ. Байр сууцыг сэргээн засч, түймэрт өртсөн хүмүүст улсын төсвөөс 5 тэрбум рубль хуваарилсан байна.