Орос, Казахстан, Киргиз улсуудын тусгай анги нэгтгэлүүдийн дайчид, мэргэжилтнүүд Саратов мужид хүрэлцэн ирлээ. Энд олон улсын шуурхай стратегийн хээрийн сургууль болж байгаа юм. Энэ сургуулийг явуулах шийдвэрийг ШХАБ-ын Алан хядах ажиллагааны эсрэг тэмцэх үндэсний хорооноос гаргасан юм.  Энэ хээрийн сургууль 8-р сарын 16-23, 25-28 гэсэн хоёр үе шаттайгаар явагдана. Энэ хугацаанд, болзошгүй алан хядах ажиллагааны бүлгийг шуурхай эрж хайхад хамтарсан үйл ажиллагаагаа чиглүүлэх хэлбэрийг сургуулилах болно. ШХАБ-ын гишүүн гурван орны хууль сахиулах байгууллагын ажилтнууд олон хүн цугларсан газар алан хядах ажиллагааны эсрэг үйл ажиллагаа явуулах операцыг сургуулилна. Энэ хээрийн сургуулилтын явцад, ШХАБ-ын гишүүн улсуудын тусгай алба, аюулгүй байдлын байгууллагуудын удирдлагууд цугларах болно. ШХАБ-д Казахстан, Киргиз, Хятад, Орос, Таджикстан, Узбекстан улсууд багтдаг билээ. Тус байгуулагын гишүүн улсуудын хүрээнд бүс нутагт, хэт даврах үзэл болон салан тусгаарлах ажиллагааны эсрэг идэвхитэй тэмцэж байна. Энэ хээрийн сургууль тэр үйл ажиллагааны нэг бүрэлдүүн хэсэг нь гэж оросын нэрт дорно дахиныг судлаач Алексей Маслов ярьж байна: Ер нь ШХАБ-ыг алан хядах ажиллагаа гэх мэт хортой үзэгдэлтэй тэмцэхийн тулд байгуулсан билээ. Өнөөдөр ШХАБ-ын удирдагчдын хийсэн зөвлөлгөөнөөс харж байхад энэ жил болон өнгөрсөн жил хил дамжсан асуудал тэр тусмаа алан хядах ажиллагаатай холбоотой хил дамжсан гэмт хэргийн асуудал байсаар байна. Алан хядах ажиллагаатай хийх тэмцэлийн  нэг гол хэсэг бол хүчин чармайлтаа уяалдуулан зохицуулах явдал юм. Ийм учраас анхнаасаа энэ зохицуулах бодлогыг хэрэгжүүлэх алан хядах ажиллагааны эсрэг тэмцэх төвийг байгуулсан билээ. Одоо бол энэ зохицуулалтыг дээд хэмжээнд хүргэх ёстой хээрийн сургуулийн цоо шинэ сценарийн тухай ярьж байна. ШХАБ-ын гишүүн улсуудын нутаг дэвсгэр дээр болон тэдний хилээс гадна жишээ нь Афганистаны нутаг дэвсгэрт байгаа алан хядагчдын баазыг бүрэн устгахад хэрэглэж болох алан хядагч элементүүдийн тухай нэгдсэн мэдээлэлийн санг байгуулах ажил хийгдэж байна гэлээ. Алан хядах ажиллагаатай идэвхитэй, үр бүтээлтэй тэмцэл явуулах нь ШХАБ-ын нэр хүнд болон жинг дээшлүүлэхэд ихээхэн нөлөөлнө. Энд зөвхөн хүчний байгууллагын асуудлыг яриагүй байна. Тус байгуулагын гишүүн орнуудын эдийн засаг, улс төрийн салбарт  идэвхитэй хамтран ажиллаж байгаа явдал энэ бүс нутгийн бусад улсуудын сонирхолыг ихэд татаж байна. Энэ байгууллагад элсэх хүсэлтээ Монгол, Пакистан, Энэтхэг, Иран улсууд илэрхийлээд байна.