Орос улсад гарсан өргөн хүрээтэй байгалын ойн түймрийг хяналтандаа авах шиг боллоо. Түймэрт хамрагдсан талбайн хэмжээ аажим багасаж эхлэж байна гэж ОБЯ мэдээллээ. Урьд хожид үзэгдээгүй байгалын гамшигтай тэмцэхийн тулд холбооны болон бүс нутгийн байгууллагуудаас гаргасан асар их хүчин чармайлтын үр дүн энэ юм. Сүүлийн үеийн мэдээгээр гал түймэрт автагдсан талбайн хэмжээ 60 мянган гектар гаруй болоод байна. Энэ талбай илэрхий багасаж байна. Одоо хэд хэдэн районд онц байдлыг цуцлаад байна. Харин Свердловск, Москва, Рязань мужууд болон Мордов улсад байдал хүнд хэвээрээ байна. Орос улсад гарсан түймрийг унтраахын тулд ОБЯ-ны мэрэгжилтнүүд болон цэргийн анги нэгтгэлийнхэн 1000 хүн, гадаадын 500 мэргэжилтнүүд, 100 нэгж ажиллаж байна. Одоогийн байдлаар Орос улс, гадаадын улс орны,  газрын болон агаарын тусламж авах шаардлагагүй байна. Зарим бүс нутагт түймрийг унтраасан учраас хүн хүч болон техникийг түймэр унтраагүй байгаа нутаг руу шилжүүлэн байрлуулах боломж гарч байна. Байгалын гамшигтай тэмцэхийн чацуу гал түймэрт байшингаа шатаалгасан хүмүүст орон сууц барих ажил идэвхитэй явагдаж байна. Хүйтэн болохоос өмнө гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг орчин үеийн шинэ тохилог орон сууцанд оруулж, шатсан эд хогшлынхоо төлөө нөхөн төлбөр авахуулахын тулд холбооны болон бүс нутгийн засаг захиргаа өндөр хүчин чармайлт гаргаж байна. Сүүлийн арван жил гараагүй ган гачигаас үүдсэн асуудлыг төр засаг шийдвэрлэх хэрэгтэй болоод байна. Юуны түрүүнд улс орны хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах хэрэгтэй байна. Түймрээс болж тариалсан үр тарианы дөрвөний нэг нь устсан учир хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийг дэмжих нэмэлт арга хэмжээ боловсруулах шаардлага гарлаа. Орос улсад болсон хэт халуун, Пакистанд болсон усны үеэр болон дэлхийн бусад улсад болж байгаа «байгалын эсэргүүцэл» нь, цаг уурын хэт үзэгдэлтэй тэмцэхэд хүн төрлөхтнийг нэгдэн нягтрахыг шаардаж байна. Хамгийн хүчтэй улс орон ч өнөөдөр байгалын гамшгын эсрэг тэмцэх тэргүүний технологгүй гэдэг нь харагдаж байна.Ийм учраас олон улсын хоршоолол зайлшгүй шаардлагатай байна гэж Дэлхийн онгон байгалын сангийн «Цаг уур ба эрчим хүч» хөтөлбөрийн удирдагч Алексей Кокорин үзэж байна. Ийм хамтын ажиллагааны үндэс нь НҮБ-ийн цаг уурын конвенц юм. Одоо үйлчилж байгаа Киотогийн протокол нь цаг уурын хүрээнд үр бүтээлтэй хамтын ажиллагаа явуулахад хангалттай биш. Илүү үр ашигтай, нарийн шинэ хэлэлцээр хэрэгтэй байна. Энэ хүрээнд хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах нь чухал байна гэж тэр хэллээ. Сүүлийн үед гарсан үйл явдлаас болж ОБЯ-ны сайд Сергей Шойгугийн гаргасан, онц байдлын олон улсын агентлаг байгуулах санал маш цаг үеээ олсон санал болоод байна. НҮБ, том сүйрэл болон байгалын гамшигийн талаархи арга хэмжээг маш удаан авч байгаатай холбогдуулж энэ саналыг хэдэн жилийн өмнө тэр гаргаж байсан билээ. Шойгугийн хэлснээр, онц байдлыг арилгах талаар НҮБ шийдвэр гаргахын тулд маш их хугацаа шаардана. Энэ нь өнөөдрийн бодит байдалд тохирохгүй байна. Европын хэмжээнд ийм бүтэцийн нэг хэлбэр болох Бүх европын харилцан туслалцааны хэлэлцээр байгуулахыг Оросын ОБЯ санал болгосон гэж ОБЯ-ны олон улсын департаментын захирал Юрий Бражников мэдээлээд: Гал түймэртэй ид тэмцэж байхад манай сайд Сергей Шойгугийн амнаас ийм санал гарсан юм. Энэ зорилгоор евро эскадриль байгуулах саналыг манай яам зарчмын хувьд аль эртнээс тавьж ирсэн. Энэ санал санаачлагыг олон улс орон дэмжиж байгаа гэлээ. Энэ төслийн дагуу эскадрилийн онгоцнууд үндэсний аэродромууд дээрээ байрлана. Олон улсын нэгдсэн төвөөс анхны дохио өгсний дараа онгоцнууд халуун цэг руу нисэх ёстой. Харамсалтай нь энэ сайхан санаа ЕХ-ны удирдлагуудын түвшинд одоохондоо дэмжлэг аваагүй байна. Харин ойрын ирээдүйд энэ талаархи байр суурийг эргэн харах бололтой. Орос улсад суугаа ЕХ-ны төлөөлөгчдийн тэргүүн Фернандо Валенсуэлагийн сүүлд хийсэн мэдэгдэл үүний гэрч болж байна. Одоогийн байгалын гамшгийн хор уршгийг арилгасны дараа ийм хамтын ажиллагааны хэлбэрийг хэлэлцэх бололтой. Жилээс жилд нэмэгдэж байгаа байгалын гамшигтай тэмцэх хүрээнд олон улсын хамтын нийгэмлэгийн зөвшилцсөн бодлого байхгүйн улмаас олон улс орны оршин суугчид үүний төлөө хэтэрхий их үнэ төлсөөр л байна.