Афганистанд хоосон оромж дэлбэлж байгаа дүрс бичлэгийг Польшийн "Речь Посполита" сонины вэб хуудаст тавьжээ. Афганистан дахь НАТО-ийн хүчинд алба хааж байгаа польшийн цэргүүд байшинг дэлбэлж, инээлдэж, болж байгаа үйл явдлыг нүүрээ нуулгүй тайлбарлажээ. Зүгээр зугаацахын тулд байшинг дэлбэлсэн гэж нэг цэрэг ярьж байна. Вэб хуудаст дүрс бичлэг гарснаас хойш Польшид шуугиан дэгджээ. Цэргүүд 150 мянган долларын сумаар байшинг дэлбэлсэн байна. Тэдэнд 8 жил шоронд хорих ял оноож магадгүй байна. Одоогоор Афганистанд НАТО-ийн хүчинд польшийн 2500 цэрэг алба хааж байна. Афганистанд зэвсгийг зүй бус ашигласан хэргээс нэг бус удаа шуугиан дэгдээд байна. Америкийн нисэгчид зэвсэгт этгээдүүд хэмээн андууран сэтгүүлчдийг буудаж байгаа дүрс бичлэг интернетэд гарсан юм.