Нэг улс дангаараа байгалийн гамшгийн уршгийг арилгах аргагүй болох нь энэ зун тохиосон гамшигаас харагдлаа. Орос улс байгалийн гамшиг, осолтой тэмцэх нийт европын нэгдсэн төв байгуулах асуудлыг сүүлийн 3 жилд нэг бус удаа дэвшүүлсэн. Одоо зөвхөн Москва төдийгүй бусад улс нэгдсэн төв байгуулах талаар бодож эхэллээ. Европ шинэ бүтэц байгуулахад бэлэн байна гэж Орос улс дахь Европын Холбооны төлөөлөгчийн газрын тэргүүн Фернандо Валенсуэла мэдэгдэв. Орос улсын Онц байдлын яамны тэргүүн Сергей Шойгу бүр 2007 оны хавар ийм төв байгуулахыг анх оролдсон юм. Тухайн үед Орос, Герман, Итали улс түймэр унтараагаад зогсохгүй ослын бүсээс хүмүүсийг бөөнөөр шилжүүлэх учиртай евро нисэх хүчний салбар анги байгуулж эхэлсэн байна. 2007 онд хэт халуунаас олон оронд түймэр дэгдсэн байна. Тухайн үед Орос улс олон улсын хүчний хамтарсан үр нөлөөтэй үйл ажиллагаагаар түймэр унтараахад  төрийн тэргүүн нарын анхаарлыг хандуулсан юм. Тэр үед харилцан дэмжлэг үзүүлэх тухай нийт европын хэлэлцээр байгуулахыг санал болгосон гэж Онц байдлын яамны олон улсын ажиллагааны газрын захирал Юрий Бражников мэдэгдлээ. Түймэртэй тэмцэж байсан ид үед манай сайд Сергей Шойгу ийм санаа хэлсэн. Үндсэндээ Онц байдлын яам энэ зорилгоор евро нисэх хүчний салбар анги байгуулахыг аль эртнээс санал болгож байна. Олон орон энэ санааг дэмжиж байна.  Эскадрилийн нисэх онгоцууд үндэсний нисэх буудалд байрлана. Олон улсын нэгдсэн төвийн анхны дохиогоор нисэх онгоцууд гамшгийн халуун цэгт очих юм. 2007 оны 9-р сард цуврал яриа хэлэлцээ хийж, олон улсын нисэх онгоцны отряд 2008 онд ажиллаж эхлэхээр төлөвлөсөн юм. Харин энэ санааг Европын Холбооны удирдлагын түвшинд зохих ёсоор дэмжээгүй байна. Онц тохиолдолд урьдын адил засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тусламж үзүүлж байлаа. Орос улс энэ асуудлыг дахин дахин хөндөж байв. Хамгийн сүүлд Копенгаген хотод энэ жил болсон  цаг уурын асуудлаарх НҮБ-ын бага хуралд энэ асуудлыг дэвшүүлсэн гэж "Онгон байгал сан"-ийн "Цаг уур болон эрчим хүч" хөтөлбөрийн дарга Алексей Кокорин "Оросын дуу хоолой" радиод уламжилсан юм. Копенгаген хотод тохиролцож чадаагүй. Олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай болох нь илт байна. Хамгийн хүчирхэг улс ч нэн хүнд асуудлыг шийдэхэд тэргүүн зэргийн технологгүй байна. Хэд хэдэн хэлбэрээр хамтран ажиллах боломжтой. Мексикт энэ оны 12-р сард болох дараагийн хурлаар энэ асуудлын заримыг тохиролцоно гэж найдаж байна. Харин  жилийн дараа хэлэлцээр байгуулна.  Европын улс төрчид нэгдсэн төв байгуулах шаардлагатай талаар мэдэгдэж байгаагаас оросын санаачилгыг энэ удаа дэмжинэ гэж найдаж байна. Үүнийг хэрэгжүүлэхээр гурван жил хүлээхгүй байх. Гэхдээ энэ асуудлыг шуурхай шийдэх эсэхэд эргэлзэх үе гарч байна. Европын Холбоо нэгдсэн төв байгуулахад бэлэн байгаа ч, улс орнууд энэ жил тохиосон байгалийн гамшгийн уршгийг арилгасны дараа ийм төвийн тодорхой хэлбэрийг хэлэлцэж эхэлнэ гэж Орос улс дахь Европын Холбооны төлөөлөгчийн газрын дарга Фернандо Валенсуэла хэллээ.