Урлагийн бурхан Аполлоны эрхтэнийг навчаар далдалсан тул 100 рублийн дэвсгэртийн зургийг өөрчлөх үү? Оросын Их театрийн барилгын оройд байрладаг Аполлоны дөрвөн морьд хөлөглөсөн хоёр дугуйтай эртний сүйх тэрэгтэй барималыг сэргээн засварлаж дууссантай холбогдуулан ийм асуулт урган гарч байна. Барилгыг халхавчилсан модыг буулгаж эхэлсэн бөгөөд 9-р сарын эхэнд театрын нүүрэн хэсэг ил болно. Нэг нүүрэнд нь Их театрын зураг, нөгөө талд нь дөрвөн морьд хөлөглөсөн хоёр дугуйтай сүйхтэй Аполлоны зураг бүхий 100 рублийн дэвсгэрт удахгүй ховор эд болох төлөвтэй. Учир нь сүйх, Грекийн урлагийн бурханы баримал мөнгөн дэвсгэртийн зургаас өөрчлөгджээ. Сэргээн засварлах явцад барималын алга болсон жижиг хэсэг тухайлбал лаврын титэм, эрхтэн далдалсан навч, бошинзны горхи  зэргийг нэмсэн байна. Тэгэхлээр 100 рублийн дэвсгэрт өөрчлөгдөх магадлалтай. Дөрвөн морьд хөлөглөсөн хоёр дугуйтай сүйх их түүхтэй. "Нисдэг" морьдтой Алебастровын баримал 1825 оноос театрыг чимж байсан юм. Их түймрийн үеэр театрын барилга, баримал ч сүйрчээ. Театрыг 1856 онд сэргээн засварлахад барималын зохиомжийг металл буюу илүү бат бөх материалаар хийхээр шийдэж, энэ ажлыг Санкт-Петербургийн барималч Петр Клодт даалгажээ. Адууг амьд мэт сийлдэг хүн Орос улсад түүнээс өөр байгаагүй юм. Санкт-Петербургийн Аничков нэрд гарсан гүүрийг чимдэг түүний бүтээсэн барималыг санахад хангалттай. Аполлоны морьд хөлөглөсөн сүйх ч үнэхээр  шилдэг бүтээл юм. "Жижиг зүйлийг ч маш гайхалтай, нарийн нямбай сийлсэн байдаг. Тухайлбал Аполлоны лаврын титмийн 58 навч, мутрынх нь хумс, морьдын тахны хадаас, адууны насыг илтгэх учиртай шүдийг нарийн өөлсөн байдаг" гэж сэргээн засварлагч Владимир Никифоров бахдан ярилаа. Барималыг Санкт-Петербургийн гүн Лейхтербергскийн гальван ялтасын үйлдвэрт холимог техникээр хийжээ. Баримлын хэд хэдэн хэсгийг янз бүрийн аргаар бүтээсэн. Зарим хэсгийг давтаж, заримыг хайлуулсан. Тухайлбал Аполлоны тэргүүн, морьдын зогдор, сүүлийг гальван ялтсын аргаар тусгай онгоцонд зэсийн ионоор бүрсэн юм. Металл ч он жилийн аяыг даалгүй мууддаг. Мэргэжилтнүүд 2007 онд барималыг нарийн судалж, олон өөрчлөлт илрүүлсэн ч, баримал муугүй хадгалагджээ. Баримал бүрэн сэргээн засварлах хэмжээнд муудаагүй байсан гэж Владимир Никифоров ярилаа. Нүх сүв, ан цавыг бөглөх, гээгдсэн жижиг хэсгийг нэмэх зэргийг газар дээр хийхээр шийдсэн. Барималыг агаар мандалын нөлөөнөөс хамгаалах тусгай бодисоор бүрсэн. Морьд хөлөглөсөн сүйхтэй урлагийн бурхан Аполлон олон жилийн настай болсон гэдэгт Владимир Никифоров итгэлтэй байна.  "Урьдчилж тооцоогүй осол бүү тохиолдоосой" гэж тэр ярьж байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед 1941 онд Их театрын завсарлагын танхимыг бөмбөгдсөн юм. Тэр үед сүйхтэй морьд бага зэрэг эвдэрчээ. Аполлоны тэргүүн цохигдож, барималын бусад элемент эвдэрсэн байна. Харин хэвийн нөхцөлд баримал олон арван жил, хэдэн зуун жил ч ингээд байна гэж сэргээн засварлагч Владимир Никифоров ярилаа.  Алдарт морьд хөлөглөсөн сүйхийг сэргээн засварлах нь 2005 оноос их театрыг өргөн хүрээтэй сэргээн засварлах ажлын хамгийн чухал хэсэг байсан юм. Барилгын гаднах ханыг шалдалж, өмнөх цэцэрлэгийг засч янзалжээ. Одоо тайзны техникийн засвар, танхимын акустикийг сайжруулж, дотоод засал чимэглэлийг хийж байна. Засвар 2011 оны 10-р сард дуусана.