Домогт алиалагч, ЗХУ-ын ардын жүжигчин Олег Попов өнөөдөр 80 насныхаа ойг тэмдэглэж байна. Тэрээр "Утсан дээр тэнцвэрийн" үзүүлбэрээр уран бүтээлээ эхэлсэн юм. Залуу уран бүтээлчдийн уралдааны үеэр түүнийг нэрд гарсан алиалагч Михаил Румянцев анзаарч, залууг өөрийн хөтөлбөртөө оруулжээ. Түүний үзүүлбэр их амжилттай болсон тул зөвлөлтийн цирк гадаадад айлчлан тоглохын өмнөх сурталчилгаанд нэрд гарсан найруулагч Юрий Озеров 1953 онд "Эр зоригтны талбар" кино концертод түүний үзүүлбэрийг оруулжээ. Айлчлан тоглолтоор Попов дэлхийд алдаршсан юм. Түүний үзүүлбэрт тэнцвэр олох, акробат, жонглер, элэглэлээс гадна  бүжиг, жүжиглэл зонхиолдог юм. Попов "Нарны алиалагч" дүрээр олон нийтэд танил болсон нэгэн. Овоолсон шар үс, том судалтай өмд, хар цагаан дөрвөлжин хээтэй малгай, улаан хамар энэ бүхэн түүний нэрийн хуудас юм.