Хятадын олон бүс нутагт үерийн улмаас эдийн засгийн их хохирол учирлаа. Сунгари голын усанд орсон торхноос химийн аюултай бодис асгарвал онц аюултай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Оросын тал пүрэв гаригт ОХУ-ын хил орчмын нутаг дэвсгэрт болзошгүй үр дагаврын талаар Хятадаас лавлан асуулаа. "Оросын дуу хоолой" радиогийн тоймч Игорь Денисов дэлгэрэнгүйг хүргэнэ. Оросын байгал хамгаалах байгууллагууд болсон хэрэгт мэдээж түгшиж байна. Химийн аюултай бодис бүхий торх Амар мөрөнд цутгадаг Сунгари голоор Оросын зүг хөвж байна. Сунгари голд 2005 оны 11-р сард байгалийн сүйрэл болох дөхсөнийг сануулъяа. Тухайн үед хятадын компанид гарсан ослын улмаас голын усанд 100 гаруй тонн бензол, түүний нэгдэл орсон юм. Энэ хэргээс үүдэн онц байдлын талаар мэдээлж, шуурхай арга хэмжээ авах орос-хятадын механизм байгуулах ажлыг шуурхайлжээ. Орос, Хятадын экологичид Амар мөрөн болон түүний цутгалыг онцгой анхаарч байна. Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах орос-хятадын комиссийн хурал энэ оны 6-р сард Хабаровскт болсон нь тохиолдлын хэрэг биш ээ. Амар мөрний бохирдлын асуудалд талууд ихээхэн анхаарч байгааг оросын төлөөлөгчдийн ахлагч ОХУ-ын байгалийн нөөцийн сайд Юрий Трутнев тэмдэглэсэн юм. Нийтээр анхаарч байгаа Амар мөрнөөс холгүй орших чухам Хабаровскт хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцэх нь бидэнд нэн чухал хэмээн Юрий Трутнев ярьжээ. Бидний ажил хэр үр нөлөөтэй, цаашид юу хийх талаар нарийн ойлгох боломж бүрдэж байна.  Орос-хятадын тохиролцоогоор талууд экологийн онц байдлын аюул нүүрлэсэн тохиолдолд хөрш зэргэлдээ талдаа мэдээлэх ёстой. Сунгари голд хамгийн сүүлд гарсан ослын дараа хятадын талаас ямар нэг мэдээлэл ирээгүй. Ослын дараа Цилинь мужаас түгшүүртэй мэдээлэл цаг тутамд ирж байлаа. Торхонд 160 гаруй тонн дэлбэрэх аюултай химийн шингэн бодис байгаа тухай анх мэдээлж байсан бол сүүлийн үеийн тооцоогоор илүү ноцтой аюул нүүрлэж байна. Сүүлийн үеийн мэдээгээр 500 гаруй тонн химийн аюултай бодис бүхий хэдэн мянган торх үерийн усанд автжээ. Энэ хэргээс хойш нэг хоногт голын усанд орсон долоон мянган торхоос ердөө 400 гаргаж авсан. Байдал түгшүүртэй байна. Оросын экологичдын тооцсоноор Цилинь хотоос Хабаровск хүртэл усны урсгал 15-20 хоногийн дараа очдог байна. Сунгарын голын усргал Амар мөрөнд орох үед шаардлагатай бол уснаас олон удаа дээж авч, шинжилгээ хийнэ. Бохирдлын хэмжээг барагцаалж, хариу арга хэмжээ авахын тулд Хятадаас хэргийн талаар албан ёсоор лавлалаа. ОХУ-ын нутаг дэвсгэрт экологийн бохирдол нүүрлэж байгаа эсэх, осол гарсан өдөр, хугацаа, ямар төрлийн, хэдий хэмжээний химийн бодис голын усанд орсын талаар тодруулахыг оросын тал хүсчээ. Хятадын талаас эхний хариу авсан тухай Цаг уур  болон хүрээлэн буй орчинд мониторинг хийх Алс Дорнодын удирдах газрын хэвлэлийн албанаас уламжлав. Тус газар хамгийн ерөнхий мэдээлэл байна. Тухайлбал Цилинь мужийн засаг захиргаа хэргийн уршгийг арилгах шуурхай арга хэмжээ авсан тухай дурджээ. Торхыг барихын тулд Сунгари голын урсгалыг амдан 8 шугам татжээ. Мониторинг хийх явцад голын усны чанар хэвийн бус өөрчлөгдсөнийг тогтоогоогүй байна. Сунгари голыг богино хугацаанд химийн бодисоос цэвэрлэж, БНХАУ экологийн сүйрэл гаргуулахгүй гэж хятадын тал батлав. Үүний зэрэгцээ оросын тал Амар мөрний усны чанарыг нарийн ажиглаж байна. Орос улсын Онц байдлын яамны Алс Дорнодын бүс нутгийн төв, Европын автономит муж, Хабаровскийн хязгаарын талаарх Оросын Онц байдлын яамны удирдах газар хэргийг хянаж байна. "Оросын дуу хоолой" радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэлээ.