"Оросын дуу хоолой" радиогоос ярьж байна. Ази-Номхон Далайн бүс нутгийн олон улсын залуучуудын наадам өнөөдөр орой Владивосток хотын "Океан" Бүх Оросын хүүхдийн төвд нээгдлээ. Ёслолын ажиллагаанд оросын нэрд гарсан уран гулгагч, олимпийн олон удаагийн аварга Ирина Роднина залуу тамирчдад амжилт хүслээ. Тэмцээн 7-р сарын 28-аас 8-р сарын -11-нд "Ертөнцийн хүүхдүүд" олон улсын ээлжийн хүрээнд болно. Оросын Номхон далайн эрэгт амрахаар ирсэн Хятад, Япон, Вьетнам, БНАСАУ, АНУ-ын 12-17 насны хүүхдүүд тэмцээнд орос хүүхдүүдийн хамт оролцоно. Владивосток хотод Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын олон улсын залуучуудын наадам зохион байгуулах санааг Орос улс болон гадаадад дэмжсэн гэж "Океан" Бүх оросын хүүхдийн төвийн хэвлэлийн албаны дарга Руслан Марзоев хэллээ. Наадмыг ЮНЕСКО сонирхосон тул ирээдүйд энэ нэр хүндтэй байгууллагын ивээлд наадмыг зохион байгуулахыг үгүйсгэхгүй.  Хоёр дахь удаа энэ наадмыг зохион байгуулж байна гэж Марзоев ярилаа. 2008 оны зун энэ наадмыг зохион явуулах санаа төрсөн. Тэр үед Хятадын Сычуань мужид болсон газар хөдлөлтөд өртсөн олон хүүхэд үе тэнгийн орос хүүхдүүдтэй хамт амарсан юм. Хятадын 1000 гаруй хүүхэд "Океан" төвд хоёр зун дараалан амарчээ. Өнгөрсөн жил тэд олон улсын ээлжээр амарсан байна. Янз бүрийн орны хүүхдүүдийг нөхөрлүүлж, нэгтгэхэд спортын баяр зохион байгуулсан юм. Анхны арга хэмжээ амжилттай болсон.  Улмаар "Океан" Бүх оросын хүүхдийн төвд Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын олон улсын залуучуудын наадмыг жил бүр зохион явуулахаар шийдсэн юм. Спортын арга хэмжээнээс гадна олон улсын ээлжийн хөтөлбөрт Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын хэл судлах, Владивостокийн түүхэн газраар аялах, концерт, авьяастнуудын уралдаан, түүдгийн дэргэд үдэшлэг зэрэг олон арга хэмжээ зохион байгуулна. Энэ удаагийн наадмын хөтөлбөрт спортын найман төрөл багтсан. Тухайлбал хөл бөмбөг, волейбол, бадмитон, ширээний теннис, гудамжны сагсан бөмбөг, усан сэлэлт, хөнгөн атлетик, шатар зэрэг багтсан юм. Оросын хүүхдийн шилдэг зусланд өнөөдөр нээгдсэн Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын олон улсын залуучуудын наадамд Хятад, Япон, Вьетнам, Хойд, Өмнөд Солонгос, АНУ-ын сурагчид оролцож байна. Бид тэмцээний явцыг ажиглаж, ирээдүйн ялагчийг микрофоны урд урихаар төлөвлөж байна.