Буриадын засаг захиргаа буриад хэлийг хадгалж, хөгжүүлэх улсын хөтөлбөрийг өчигдөр баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2011-2014 онд 39 сая рубль зарцуулна. Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр хөтөлбөрийн дагуу буриад хэл заах арга зүйг шинэчилнэ. Мөн буриад хэл дээрх телевиз, радиогийн нэвтрүүлэг, хэвлэмэл материалын тоо хэмжээг нэмэхээр төлөвлөж байна. Шинэ толь бичиг, сурах бичиг, хүүхдийн уран зохиол хэвлэнэ. Буриад хэлийг түгээн дэлгэрүүлэхэд мэдээллийн шинэ технологийг өргөн ашиглана. Буриад хэлийг харилцааны хэрэгслийн хувьд ашиглах орон зай хумигдсан, буриад хэл хөгжихгүй байгааг социологийн судалгаагаар тогтоосон тул энэ хөтөлбөрийг батлах шаардлагатай болжээ. Орос, Монгол улсад 2005 оноос буриад хэлний жилийг тэмдэглэж байна.