0АНУ, Өмнөд Солонгос томоохон хэмжээний цэргийн сургуулилтаа Япон тэнгист өндөрлөж байна. Ази Номхон далайн бүс нутгийн орнууд энэ сургуулилтын талаар янз бүрийн байр суурьтай байна. "Оросын дуу хоолой" радиогийн тоймч Игорь Денисов дэлгэрэнгүйг хүргэнэ. "Шантаршгүй сэтгэл" цэрэг-тэнгисийн сургуулилтад "Жорж Вашингтон" нисэх онгоц тээгч атомын хөлөг онгоц зэрэг байлдааны 20 хөлөг онгоц, 200 нисэх онгоц, 800 мянга орчим цэргийн албан хаагч оролцож байна. Цэргийн сургуулилтыг ийм өргөн хүрээтэй зохион байгуулсан шалтгааныг нуусангүй. Өмнөд Солонгосын "Чхонан" хөлөг онгоц энэ оны 3-р сард сөнөсний дараа Пхеньянд сэрэмжлүүлэх дохио өгөхийг хүссэн гэж Вашингтон, Сөүл мэдэгдэж байна. Тухайн үед хөлөг онгоц живэх үеэр 46 далайчин амь насаа алджээ. Үүний зэрэгцээ "Чхонан" хөлөг онгоц сүйрсэн шалтгаан тодорхойгүй байна. Умард Солонгосын харвасан торпед хөлөг онгоцыг сөнөөсөн гэж  Сөүл, Вашингтон үзэж байна. АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилтад Умард Солонгос урьдын адил эрс хариу мэдэгдэл хийлээ. Пхеньян "хүлцэнгүй ажиглаад суухгүй, галыг галаар хариулж, эрс алхам хийнэ" гэж ЦТАК мэдээллийн агентлаг уламжлав. Цэргийн сургуулилт аюулгүй байдалд нь заналхийлсэн хэмээн Хятад улс эрс шүүмжлэв. Хятадын аюулгүй байдалд заналхийлж, бүс нутгийн байдлыг хурцатгахгүй байхыг Бээжин АНУ, Өмнөд Солонгост уриаллаа. Хятад эсэргүүцсэнээс сургуулилт хийх газрыг олон удаа өөрчилж байжээ. Анх Шар тэнгист хийхээр төлөвлөж байсан цэргийн сургуулилт одоо Япон тэнгист болж байна. Ийм аюултай сургуулилтыг Хятадын хилийн ойролцоо хийснийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам эрс буруушаав. Сургуулилт хийх газраа өөрчилсөн ч, тэдний сургуулилт зөвхөн Умард Солонгост сэрэмжлүүлэх дохио өгөөд зогсохгүй, Хятад улс бүс нутагт байр сууриа бэхжүүлэхийн эсрэг чиглэсэн байна гэж солонгосын асуудал хариуцсан оросын шинжээч, Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Константин Асмолов ярив.  Хятадын ойролцоо цэргийн дорвитой ямар ч сургуулилт хийхийг Хятад улс аюулгүй байдалд заналхийлж байна гэж үздэг хэмээн Константин Асмолов хэллээ. Увайгүй бодлогын үүднээс үзэхэд тус бүс нутагт америкийн цэргийн хүч хэнийг чиглэсэнийг далдлах маш аятай арга Умард Солонгосыг тойрсон хурцадмал байдлыг дэмжих явдал болохыг Бээжин ойлгож байгаа. Америкийн хүч Умард Солонгост бус Хятад, Орос улсад чиглэсэн. Солонгосын хойгийг тойрсон нөхцөл байдлын тухайд сургуулилт бүс нутгийн хурцадмал байдлыг бууруулахад нөлөөлөхгүй нь ойлгомжтой. "Шантаршгүй сэтгэл" сургуулилтаар оны эцэс хүртэл явуулахаар төлөвлөж байгаа хоёр талын бүхэл бүтэн цуврал сургуулилтыг нээж байгааг харгалзавал энэ ямар ч үр нөлөөгүй юм. Сургуулилтын жинхэнэ чиглэлийг ойлгоход Ази дахь Вашингтоны бусад үйлдлийн хүрээнд үүнийг судлах хэрэгтэй. Пентагон Индонезийн тусгай ангийн шилдэг анги нэгтгэлтэй харилцаагаа сэргээхээр саяхан шийдсэнийг дурдая. Энэ илэрхий Хятадын эсрэг чиглэсэн гэж цэргийн олон шинжээч үзэж байна. "Вашингтон Пост" сонин энэ мэдээнд дараах тайлбар хийжээ: "Ази дахь Хятадын нөлөөний эсрэг АНУ хүч чармайлт тавьсаар байна". Солонгос, Япон зэрэг АНУ-ын уламжлалт холбоотнуудтай юуны түрүүнд цэргийн салбарт харилцаагаа бэхжүүлж БНХАУ-ын өсөн нэмэгдэж байгаа хүчийг тэнцүүлэхийг эрмэлзэж байна. АНУ Малайз, Лаос, түүгээр ч барахгүй хуучны дайсан Вьетнамтай эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, Хятадын бүс нутгийн нөлөөллийг бууруулах бусад арга зам эрэлхийлж байна. АНУ Бирмийн тухайд ер бусын нээлттэй байгаа нь энэ үзэл баримтлалд багтана. БНХАУ Бирмийн өнөөгийн эрх баригчидтай идэвхтэй харилцаа тогтоож байгаагаас АНУ өмнөх зарчмаа "өөрчлөхөөс" аргагүй болж байна. Бирмийн цэргийн хунтыг тусгаарлахыг оролдосноор БНХАУ-ын эдийн засгийн нөлөөлөл бэхжиж, Бирмийн зах зээлд америкийн компани алдагдал хүлээсэн. Вашингтон урьд Бирмтай холбоо тогтоох тухай сонсох ч хүсэлгүй байсан бол өдгөө ондоо мэдэгдэл хийж байна. АНУ дотоод улс төрийн байдлыг сайжруулах үүднээс "зөв нөхцөл байдалд" Бирмийн засаг захиргаатай холбоо тогтоож, ажиллахад бэлэн байна. Өсөн дэвжиж байгаа өрсөлдөгч Хятадыг шахах бус ардчилалыг цэцэглэн хөгжүүлэхэд энэ бүхнийг хийж байгаа нь ойлгомжтой. "Оросын дуу хоолой" радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэлээ.