Хойд Кавказын Кабардино-Балкарийн бүгд найрамдах улсын Баксан голд орших Баксаны усан цахилгаан станцын машины танхимд дэлбэрэлт болсны дараа гурван гидрогенераторын хоёр нь эвдэрчээ. Станцын хоёр хамгаалагч үрэгдэж, шархадаж гэмтсэн хэд хэдэн ажилтныг эмнэлэгт хүргэсэн байна. Хууль сахиулах байгууллага хэргийг алан хядах ажиллагаа хэмээн ангилжээ. Зэвсэглэсэн бүлэг гэмт этгээдүүд лхагва гаригийн өглөө Баксаканы усан цахилгаан станцад дайран оржээ. Террористууд хоёр хамгаалагчийн амийг хөнөөгөөд, станцын машины хэсэгт орж, хэд хэдэн дэлбэрэх хэрэгсэл тавьжээ. Үүний дараа усан цахилгаан станцад цуврал дэлбэрэлт болж, түймэр дэгдсэн байна. Станцын ажилтнууд цаг алдалгүй усыг хаасан тул станц усанд автахаас сэргийлжээ. Орос улсын Онц байдлын яамны өмнөд бүс нутгийн төвийн хэвлэлийн албаны дарга Олег Греков "Оросын дуу хоолой" радиод ийнхүү ярилаа. Станцын машины танхимд үүрээр 5 цагийн үед түймэр гарсан байна. Нийт 16 мегаватт хүчин чадалтай хоёр агрегат ашиглалтаас гарчээ. Гурав дахь агергат гэмтээгүй байна. Цахилгаан эрчим хүч тасалдаагүй байна. Инженер-сапёрын ажил дууссаны дараа Онц байдлын яамны хүчин түймэр унтараажээ. Одоогоорр түймэр унтарчээ. Хүн ам болон нутаг дэвсгэрт аюул нүүрлээгүй байна.  Усан цахилгаан станцад алан хядах ажиллагаа, үүний үр дагавараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулсны дүнд боловсон хүчин, галын, аврах ажилтнууд цэгцтэй ажиллалаа. Террористууд алан хядах ажиллагаа үйлдэхдээ усан цахилгаан станцыг нэг бус удаа сонгож байна. Оросын тусгай албаныхан 2001 онд улсын өмнөд хэсгийн Волгоград мужийн Волжскийн усан цахилгаан станцад чечений зэвсэгт этгээдүүд дэлбэрэлт үйлдэхээр зэхэж байсныг таслан зогсоосон юм. Зэвсэгт этгээдүүд 2006 онд Дагестан болон  Ростов, Саратов мужийн усан цахилгаан станцад дэлбэрэлт үйлдэхээр бэлтгэж байжээ. Холбооны аюулаас хамгаалах албаны ажилтнууд аюулыг арилгажээ. Үүний дараа оросын усан цахилгаан станцын хамгаалалтыг чангалж, станцын ажилтнууд нэг бус удаа терроризмтай тэмцэх сургуулилт хийжээ. Төр засаг, аюулаас хамгаалах албадууд хүч чармайлт тавьсаар байгаа ч, алан хядах ажиллагаа үйлдэх аюул хэвээр байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Террористууд эрх чөлөөний төлөө тэмцэгчид биш юм. Тэд дараа нь Нью-Йоркийн ихэр цамхаг, лондон эсвэл москвагийн метроны зорчигч, эрчим хүчний объект ер нь хаана цохилт өгөхийг таахад төвөгтэй гэж Оросын шинжлэх ухаан академийн дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч, терроризмын асуудал хариуцсан мэргэжилтэн Игорь Хохлов тэмдэглэв.  Алан хядах ажиллагаа энэ ер бусын хэрэгсэл. Тэгэхлээр терроризм үзэл суртал, гүн ухаан бус энэ бол арга хэрэгсэл юм. Хүсэл зоригоо хүч хэрэглэн олонхид тулгадаг тэр хүмүүс алан хядах ажиллагаа үйлддэг. Хүний амийг юман чинээ боддоггүй хүмүүс алан хядах ажиллагаа зохион байгуулдаг. Харин Хойд Кавказын усан цахилгаан станцад болсон дэлбэрэлтийн тухайд сүүлийн үед дэлхий дахинаа үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа  "Аль-Каида" олон улсын террорист сүлжээний салбар үүнийг үйлдсэн байж болзошгүй. Үндэсний терроризмтай тэмцэх хорооны мэдээгээр Баксаканы усан цахилгаан станцад зэвсэглэн халдсан сэжигтний хүрээг тодорхойлжээ. Одоо шуурхай-мөрдөн шалгах болон эрэн сурвалжлах ажил явуулж байна. Харин иргэдийг онц сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.