Олон арван улс, олон улсын байгууллагын төлөөлөгчид Кабул хотноо Афганистаны асуудлаарх бага хуралд оролцож байна. Тэд энэ улсад болж байгаа үйл явдлын бүх хариуцлагыг Афганистаны засаг захиргаанд шат дараалан шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун тэргүүтэй олон улсын хамтын нийгэмлэгт аюулгүй байдлыг хангах, улс орноо үр нөлөөтэй удирдах, мөн нийгэм-эдийн засгийн байдлыг тогтворжуулах тодорхой арга хэмжээ авах хөтөлбөрийг танилцууллаа. Манай тусгай сурвалжлагч Елизавета Исакова Кабулаас дамжуулна. Кабул хотод ийм түвшний арга хэмжээ анх удаа болж байна. Хамид Карзай өнгөрсөн оны эцэст ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр ийм их хэмжээний гадаадын зочин Афганистанд ирсэн юм. Кабул хотын нисэх буудалд 7-р сарын дундуур нэр хүндтэй зочдоо дахин хүлээж авлаа. Аюулгүй байдлыг дээд хэмжээнд хангаж байна. Дирижабль  сайд нарыг агаараас хамгаалж байна. Тогтворгүй нөхцөлд 70 гаруй орон, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн ажиллах нөхцлийг хангах амаргүй. Афганистаны төрийн дуулал эгшиглэж, ерөнхийлөгч  хийсэн ажлын тайлангаа 30 минут танилцууллаа.  "Афганистанчүүд аюулгүй байдал, улс орны ирээдүйг өөрсдөө хариуцахыг хүсч байна" гэх одоохондоо хүрэхэд төвөгтэй ч, маш энгийн санааг Хамид Карзай үндсэндээ хэллээ. Үндэсний зэвсэгт хүчин 2014 онд улс оронд бүрэн хяналт тогтоож чадна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр мөн илэрхийлэв. Афганистаны удирдлагын улс орноо сэргээх талаарх хүчин чармайлтыг олон улсын хамтын нийгэмлэг дэмиж байгааг Афганистаны нутаг дэвсгэрт болж байгаа уулзалт баталж байна гэж Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров бага хурлыг нээлтэд хэлсэн үгэндээ тэмдэглэв. Террорист аюул заналыг арилгах, улс орны аюулгүй байдлыг хангах чадалтай афганистаны хүчний байгууллага байгуулах, мансууруулах бодисын наймааг таслан зогсоох, төрийн удирдлагын үр нөлөөтэй байгууллага байгуулах тухай ярьж байна. Афганистан дахь олон улсын төлөөлөл энэ зорилтыг шийдэхэд туслахыг уриалж байна. Орос улс энэ зорилтыг шийдэхэд хувь нэмэр оруулж байна гэж сайд хэллээ. Мансууруулах бодисын наймааг таслан зогсоохоос гадна ШХАБ-ын холбоо тогтоох бүлгийн хүрээнд Афганистантай хамтран ажиллах тухай ярьж байна. Орос улс Афганистаны 12 тэрбум долларын өрийг хүчингүйд тооцож, хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна. Орос улс ийнхүү дэмжиж байгааг Афганистаны ард түмэн, отгийн асуудал эрхэлсэн дэд сайд Якуб Ахмад Зай өндөр үнэлсэн юм.  Афганистаны мансууруулах бодисын наймаатай тэмцэх цагдаагийн боловсон хүчнийг бэлтгэх, мөн үйлдвэрлэл, сургууль, соёлын объектыг барьж босгоход Орос улс тусалж байгааг тэрээр тэмдэглэв. Үүнээс гадна Орос улс Афганистанд барилга барих баялаг туршлагатай юм. Энэ туршлага афганистаны ард түмэнд их тустай хэмээн Якуб Ахмад Зай үзэж байна. Олон улсын туслалцаагүй Афганистанд иргэний дайныг зогсоож, төр засгийн нэр хүндийг өргөх аргагүй гэж АНУ, Канадын хүрээлэнгийн дэд захирал Павел Золотарев итгэлтэй байна.  Цэргийн асуудал гол нь биш. Эдийн засаг нь мансууруулах бодист түшиглэсэн, өөр юу ч алга. Харин НАТО, АНУ-ын тухайд тэд афганистанчүүдийг сургахад бүхнийг хийж байна. Зөвлөлтийн цэргийнхэн цагтаа тэднийг мөн сургаж байсан. Үүнд нийгэм-эдийн засгийн суурь байхгүй бол бүгд хэврэг зүйл болно. Юуны түрүүнд эдийн засгийн асуудлыг шийдэхгүй бол олон улсын хүчин энэ бүс нутгаас гарахад Орос улс бүс нутгийн энэ асуудалтай дангаараа нүүр тулна. Гэхдээ энх тайван тогтоох үйлсэд ахиц гарчээ. Зам тавьж, цахилгаан дамжуулах шугам татаж, ус нийлүүлэх объект, сургуулийн барилга барьж, оюутнуудын тоо нэмэгджээ. Олон улсын зэрэг дэд бүтцийн төслөөр 1000-аад ажлын шинэ байр бий болсон. Тэгэхлээр афганистаны олон иргэн гартаа зэвсэг бус хөдөлмөрийн хэрэгсэл барина.