Сансарын пуужин зөөгч болон баллистик пуужин  хөөргөх тухай бие биедээ мэдэгдэл өгч байх Хятадтай хийсэн хэлэлцээрийг Улсын Думд батлуулахаар оросын засгийн газар орууллаа. Манай радиогийн тоймч Игорь Денисовын тайлбар энэ сэдвийг үргэлжлүүлнэ. 2009 оны 10-р сард ОХУ-ын ерөнхий сайд В.Путины албан ёсны айлчлалынхаа үед Бээжинд гарын үсэг зурсан баримт бичгийг хэлэлцэж, шийдвэр гаргах ажлыг оросын парламентийн доод танхим хийх ёстой. В.Путин, Вень Цзябао нарын гарын үсэг зурсан хэлэлцээрт, хөөргөсөн болон хөөргөх гэж байгаа сансарын пуужин зөөгч ба баллистик пуужингуудын тухай  харилцан мэдэгдэл өгч байх механизмийг ОХУ, БНХАУ-ын харилцаанд бий болгоход чиглэгдсэн юм. Ийм пуужингуудыг хөөргөх үед гарч болох үл ойлголцох явдлыг гаргуулахгүй байх зорилготой юм. Мэдээж ямар нэгэн байдлаар ийм пуужин тохиолдолоор хөөргөх явдал нь аюулгүй байдалд  шууд заналхийлнэ. «Баллистик пуужин хөөргөх талаар харилцан бие биедээ мэдээлэх явдал нь стратегийн түншлэлийг бэхжүүлэх болон бие биедээ итгэх итгэлцлийг нэмэгдүүлэх чиглэлд хийж байгаа чухал алхам юм» гэж хэлэлцээрт гарын үсэг зурсныхаа дараа В.Путин мэдэгдсэн билээ. Энэ баримт бичигт сансарын пуужин хөөргөх талаар оруулсан нь маш чухал юм гэж Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал, Хятадын талаархи оросын шинжээч Сергей Лузянин үзэж байна: Сансарын асуудал дандаа эмзэг, хэцүү асуудал байж, цэрэг дайны зорилгоор нэг бус удаа ашиглаж байсан. Аль нэг улс нөгөөдөө мэдэгдэлгүйгээр сансарын пуужин хөөргөвөл мэдээж хэрэг болгоомжлол төрүүлнэ. Тийм учраас энэ баримт бичиг харилцан ойлголт, итгэлцлэл дээр оршин тогтоно. Хоёрдах зарчмын асуудал бол Хятад улс сансар, пуужингийн салбарт маш хурдан хөгжиж байгаа. БНХАУ одоо хэд хэдэн жолоодлогот  сансарын хөлөг болон баллистик пуужин хөөргөсний дараа «сансарын гүрэн улс» болоход бэлэн байна. Өөрийн улсын «сансар, пуужингийн хөтөлбөрийг» нууж хаахгүй байгаагаараа Бээжин, зөвхөн газар дээр биш, сансарт хариуцлагатай гүрэн улс гэдгээ харуулж байна. Сансар бол геополитикийн нэг бүрэлдүүн хэсэг, ийм учраас л Орос, Хятад улсуудын геополитикийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс батлуулах гэж оруулаад байгаа баримт бичгийг харах ёстой гэж Сергей Лузянин ярилаа.Орос, Хятад улсуудын хооронд бий болгох гээд байгаа механизм, бүс нутгийн болон даяарчлалыг хамарсан аюулгүй байдлыг хангах орчин уеийн алхамд бүрэн нийцэж байгаа гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Сансарын пуужин зөөгч болон баллистик пуужингийн хөтөлбөрөө аль болох ил болгох тухай зөвлөлгөө, 2002 онд Гаага хотод хэлэлцэж тохирсон баллистик пуужинг дэлгэрүүлэх явдлыг зогсоох олон улсын хуулинд заасан байдаг. Тэгэхдээ аливаа улс, сансарын уудмыг эзэмших давуу эрхээ эдлэх ёстой. Орос, Хятад хоёр шиг том гүрэн улсууд, пуужин хөөргөх тухай мэдээлэлийг харилцан бие биедээ өгөх тухай үүргийг сайн дураараа хүлээж байна гэдэг маш чухал юм. Энэ алхам зөвхөн хоёр талын хамтын ажиллагааны талаасаа ч биш даяарчлалыг хамарсан аюулгүй, тогтвортой байдлын талаасаа ч амин чухал юм.