Европын аюулгүй байдлын төлөө бас нэг алхам хийлээ. «Өмнөд урсгал» хийн хоолой барих талаархи «замын зурагт» Орос, Болгар улсууд гарын үсэг зурлаа. Болгарын Варна хотод, Орос улсын түлш эрчим хүчний сайд Сергей Шматко, Болгарын түлш эрчим хүч, эдийн засаг, аялал жуулчлалын яамны сайд Трайчо Трайков нарын хооронд бүхэл шөнөжин үргэлжилсэн хэлэлцээрийн явцад энэ баримт бичигт гарын үсэг зуржээ. «Өмнөд урсгал» хийн хоолой нь Орос улсаас гарч, Хар далайн ёроолоор, Болгар болон Өмнөд, Төв европын зарим улсуудын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх юм. Энэ төслийн хуурай газар дээгүүр өнгөрөх хэсгийн Болгар, Серб, Унгар, Грек, Словении, Хорват, Австр зэрэг улсуудтай Москва засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Харин Софи энэ төсөлд оролцох эсэх нь сүүлчийн мөчийг хүртэл тодорхойгүй байлаа. Өнгөрсөн жилийн зун төрийн эрхэнд гарсан болгарын ерөнхий сайд Бойко Борисов, Орос улстай хийж байсан эрчим хүчний төсөл, тэр тусмаа «Өмнөд урсгал» төслийн ажлыг зогсоосон юм. Өнөөг хүртэл Софи энэ асуудлаар эсрэг тэсрэг мэдээлэл хийсээр байсан юм. Харин дөнгөж энэ сард л, Болгар улс төсөлд оролцоно гэдгээ мэдэгдлээ. Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын оросын сангийн, шинжилгээний удирдлагын удирдагч Александр Пасечкин манай радиод өгсөн ярилцлагадаа: «Өмнөд урсгал» хийн хоолой, тус улсын төсөвд ихээхэн мөнгө оруулна гэдгийг Болгар улс ойлгож байна. Ийм учраас л эцсийн эцэст төслийн хүрээнд үлдэхээр шийдсэн. Вашингтоны үгэнд орж эргүүтэхээ болихоор шийдсэн бололтой. Болгар улсыг, Румын улсаар солих дүйцүүлэх арга Орос улсад байсан гэдгийг болгарчууд ойлгосон бололтой. Бямба гаригт Орос, Болгар улсуудын гарын үсэг зурсан «замын зураг» бол «өмнөд урсгал» төслийн техник эдийн засгийн үндэслэлийг хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан график юм. «Өмнөд урсгал» хийн хоолой нь оросын 63 тэрбум шоо дөрвөлжин хийг нийлүүлэх хүчин чадалтай юм. Өмнөд болон Төв Европт хий дамжуулахдаа урьд нь Болгарт байсан хийн хоолойг ашиглах ба шинээр маршрут ч барих юм. «Өмнөд урсгал» хийн хоолой нь дамжин өнгөрөх оронгүйгээр Орос улсын нутгийг ЕХ-ны орнуудтай шууд холбож өгөх юм.