0"Дорно Сибирь-Номхон далай" нефть хоолойгоор оросын нефтийг зүүн болон зүүн-өмнөд Азид нийлүүлснээр азийн эрчим хүчний зах зээл эрс өөрчлөгдлөө. Лондонд гардаг "Уолл-стрит Жорнел Юроп" америкийн сонинд энэ тухай өгүүлжээ. Дэлхийн эдийн засагт чухал Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг орны эрчим хүчний зах зээлд Орос улс маш хурдан стратегийн байр суурьтай болж байна гэж нэр хүндтэй энэ хэвлэлд дурджээ. Манай сурвалжлагч Людмила Маценко сэдвийг үргэлжлүүлнэ. Азид эрчим хүчний нөөцийн эрэлт өссөнөөр Орос улс нефтийн экспортоо тараан байршуулахад хүрсэн. Сибирээс өрнөдөд чиглэсэн нефтийг урсгалыг дорно зүг чиглүүллээ. Юуны түрүүнд нефтийн хэрэглээ дээд хэмжээнд буюу өдөрт 5 сая баррель болсон Хятад улсад нефтийн урсгалыг чиглүүлж байна. Өнгөрсөн оны эцэст эхний ээлжийг нь ашиглалтад оруулсан Дорно Сибирь-Номхон далай нефть хоолойн ачаар Орос улс азийн эрчим хүчний зах зээлийг эзэмшиж байна. Нефть хоолойг 2014 онд барьж дуусахад Сибирийн орд газрыг Орос улсын Алс Дорнод дахь Козьмино боомттой холбох учиртай. Дорно Сибирь-Номхон далай төслийн хүрээнд экспортолж байгаа нефтийг төмөр замаар Козьмино боомтод хүргээд, шатахуун тээгч хөлөгт юүлж байна. Нефтийг 2-3 хоногийн дараа Зүүн Азийн орнуудын боомтод хүргэж байна. Харин Ойрх Дорнод, африк эсвэл бразилийн нефтийг дор хаяж 2 долоо хоногийн дараа тэнд хүргэдэг. Богино хугацаанд тээвэрлээд зогсохгүй, тээвэрлэх зардал харьцангүй хямд байгаа тул Дорно Сибирь-Номхон далайн нефть Ази Номхон далайн бүс нутагт их эрэлттэй байна. Сибирийн дээд зэргийн чанартай нефть азийн хэрэглэгчдэд гэнэтийн таатай зүйл байв. Учир нь Дорно Сибирь-Номхон далай  нефть ойрх дорнодын нефтийг бодвол хүнд хольц бага тул дахин боловсруулах зардлыг хэмнэж, хүрээлэн буй орчныг хамгаалах зардлыг бууруулдаг байна. Эцэстээ тус бүс нутгийн орнуудын нефть дахин боловсруулах үйлдвэр Оросоос нефть авах гэрээ байгуулахыг эрмэлзэж байна. Дорно Сибирь-Номхон далайн дээд зэргийн чанартай нефтийг азийн зах зээлд нийлүүлснээр оросын нефтийн дэлхийн зах зээл дээрх үнийг өсгөнө гэж шинжээчид үзэж байна. Харин сибирийн нефтийг   урьдаас тохиролцсон, тогтвортой үнэ, мөн нефть хоолойгоор хагас жилийн дараа авч эхлэх Хятад улс үүнээс эмээх хэрэггүй юм. Нефтийн салбарт хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Орос улс хятадаас хямд зээл авсны хариуд дорнын хөрш оронд 20 жилийн турш 300 сая тонн нефть нийлүүлэх үүрэг хүлээжээ. Орос улстай нефтийн салбарт хэлэлцээ байгуулснаар холын хараатай хятадууд дэлхийн эрчим хүчний зах зээлд гарч болох донсолгооноос өөрсдийгөө хэдэн жилийн урьдаас хамгааллаа хэмээн "Дорнын нефть хоолой" интернет-порталын дарга, шинжээч Дмитрий Орлов тэмдэглэв. Орос, Хятад улсын хооронд байгуулсан нефтийн хэлэлцээр нефть нийлүүлэх хугацаа, хэмжээг тодорхойлоод зогсохгүй гэрээ үйлчлэх 20 жилийн хугацаанд оросын нефтийн үнийн тогтвортой байдлыг баталгаажуулсан гэж тэрээр хэллээ. Хоёр жилийн өмнө байгуулсан орос-хятадын нефтийн салбарын хэлэлцээрийн гол санаа энэ юм.  "Уолл-стрит Жорнел Юроп" сонины нийтлэлийн бас нэг ишлэлийг төсгөлд нь иш татая. Дорно Сибирь-Номхон далай нефть хоолойн эхний хэсгийг барьж байх мөчид үүгээр нийлүүлэх нефтийн чанарт өрнөдийнхөн тодорхой хэмжээгээр эргэлзэж байсан хэмээн нийтлэлийн зохиогчид тэмдэглэв. Шинэ маркийн нефтийг зах зээлд нийлүүлж эхлэхэд үүний өрсөлдөх чадварт бүгд гайхширч байна. Дорно Сибирь-Номхон далай системийн хоёр дахь хэсгийг ашиглалтад оруулснаар Орос улс Азийн орнуудын эрчим хүчний гол зах зээлд стратегийн байр сууриа бэхжүүлэх тухайд эргэлзэх үндэслэл байхгүй хэмээн америкийн нэр хүндтэй хэвлэлд дүгнэн бичжээ.