Орос улс, ТУХН-ийн бусад улс, Европ, Азид тохиосон ган гачиг дэлхий дахины хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна. Томоохон биржид үр тарианы үнэ сүүлийн хоёр долоо хоногт бараг 20 хувиар өсчээ. Шинжээчдийн хийсэн таамгаас байдал нааштай эргэнэ гэж хэлэх аргагүй байна: үр тарианы үнэ улирлын турш өснө.  Байгаль дэлхийд юу болж байна вэ? Дэлхий дахинаа ийм асуулт тавьж байна. Дэлхийн бөмбөрцөгийн янз бүрийн хэсэгт ган гачиг элбэг тохиох болсныг эрдэмтэд баталж байна. Байгалийн жам ёсны өөрчлөлт, цаг уурт хүний хүчин нөлөөлснөөс ийм ерөнхий хандлагатай байна. Дэлхийн хөдөө аж ахуй цаг уурын шинэ нөхцөлд дасан зохицох дорвитой арга хэмжээ авах босгон дээр байна. НҮБ-ын саяхан нийтэлсэн илтгэлд дурдсан манай дэлхийн хүн ам 40 жилийн дараа 9 тэрбум болох тооцоог харгалзах хэрэгтэй. Дэлхийн эдийн засгийн гол зорилт тэдний сайн сайхан амьдралыг хангах явдал юм. Харин энэ замд дэлхийн тулгамдсан асуудалтай тулгарах төлөвтэй. НҮБ-ын тооцоогоор тэр үед хотод дэлхийн хүн амын гуравны хоёр нь оршин сууж, хөдөө аж ахуйн эдэлбэр газар эрс хорогдоно. Үүний зэрэгцээ мах, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, мөн өртөг нь өснө. Тиймээс өнөөдрөөс хүнсний аюулгүй байдлыг хангах ер бусын арга зам хайх хэрэгтэй. Канадад "их наймын бүлгийн" удирдагчийн сүүлд болсон уулзалтын үеэр хэлэлцсэн гол асуудлын нэг нь өлсгөлөн, ядууралтай тэмцэх тухай байсан нь тохиолдлын хэрэг биш ээ. Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дээшлүүлэх шаардлагатай талаар өгүүлсэн Мускокийн тунхаглалыг баталсан юм. Дэлхийн хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг хөгжүүлэхийг уриалсан Их наймын бүлгийн дээд хэмжээний уулзалтын өмнөх чиглэлийг бараг баталлаа. Харин энэ чиглэлд дорвитой хөдлөхөд эдийн засгийн бэрхшээл төдийгүй байгалийн гамшиг саад болж байна. "Ган гачигийн бүст" багтсан улс бүр ургацаа хадгалж, алдагдлыг нөхөх арга хэмжээ авахаар эрэлхийлж байна. Олонх нь үр тарианы санд хандаж, ган гачигт тэсвэртэй ургамал тариалж, усны шинэ байгууламж барихаас аргагүй болоод байна. Үр тарианы экспортоор дэлхийд хоёрдугаар байрт ордог Орос улс байгалийн гамшгийн үр дагавартай тэмцэх онц арга хэмжээ авч байна. Орос улсын засгийн газрын тэргүүлэгчдийн сүүлчийн хуралдаанд ерөнхий сайд В.Путин ган гачигт автсан бүс нутагт ойрын үед хэмжээг нь тодорхойлох санхүүгийн тусламж үзүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд нөхөн төлбөр төлөх бусад арга хэмжээ авахаар амласан юм. Ургац сайн авна гэж хэлэх аргагүй ч, орос улсад хүнс хомсдож, экспортоо алдана гэж үзэх үндэслэл байхгүй гэж Орос улсын үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский хэллээ. Хүнсээр хомсдож, үр тариа хүрэлцэхгүй, өөрсдийгөө тэжээх аргагүй гэх цуу яриа ямар ч үндэслэлгүй юм. Ийм цуу яриа, айдас ямар ч үндэслэлгүй байна. Ган гачигийн улмаас оросын 16 бүс нутагт онц байдал тогтоож, Хөдөө аж ахуйн яамны мэдээгээр халуунд 9 сая орчим га тариалангийн газар хатсан ч, нөөц болон улс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч тогтвортой байдлыг хадгалах боломжтой. Тухайлбал гурваны нэг нь бордоо болох 9,5 сая тонн үр тариа бүхий интервенцийн үр тарианы санг дээд зэргийн үр ашигтай ашиглана. Орос улсын үр тарианы дотоод хэрэгцээ, экспортыг хангаж, мал аж ахуй тэжээлгүй хоцрохгүй бөгөөд мал үрэгдэхгүй юм. Үүнээс гадна засгийн газар нөөцийн үр тариаг саадгүй, шаардлагатай хэмжээгээр томоохон аж ахуй, фермерүүдэд олгохыг үүрэг болгожээ. Хүнсний аюулгүй байдлын талаарх Төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдааны үеэр Д.Медведев мал аж ахуй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх тэргүүн зэргийн чиглэл байна хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд хэдэн жилийн урьд нулимс дуслахаар байсан нөхцөл байдлыг нааштай өөрчлөх салбарыг дэмжих үр нөлөөтэй хэд хэдэн арга хэмжээ авсан юм. Тухайлбал мал аж ахуйн салбарт улсаас татаас өгч, хувийн хөрөнгө оруулалтыг татсан юм. Орос улс мах тэр дундаа үхрийн махны импортоос хамааралтай байдлыг бууруулах чухал зорилт хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Орос улсын засгийн газар болон бусад орны үр тарианы төлөөх "тэмцэл" болон хүнсний аюулгүй байдлыг ханган шуурхай арга хэмжээ үр нөлөөтэй байх нь ойлгомжтой. Гэхдээ тайвшрах шалтгаан бага байна. Ойрын ирээдүйд цаг уурын өөрчлөлтийн дүр зураг дэлхийн оршин суугч бүрт мэдрэгдэх төлөвтэй.