Пакистаны баруун хойд нутагт баасан гаригт хоёр алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 100 гаруй боллоо. Мөн зуу гаруй хүн шархадсан байна. Хохирсон хүмүүсийн олонх нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байна. Энэ өдөр дэлбэрэлтийн төвөөс холгүй хөгжлийн бэрхшээлтэй олон хүн тэргэнцэр авахаар цугласан байжээ. Афганистантай хиллэдэг Мохманд мужийн Якка Ганд сууринд хэдэн секундын зайтай хоёр дэлбэрэлт болсон гэж цагдаагийн газраас мэдээлэв. Амиа золислогч этгээд мотоциклтай захын талбайд нэвтэрч өөрийгөө дэлбэлжээ. Дэлбэрэх хэрэгсэл зүүсэн амиа золислогч хоёр дахь этгээд захад хэрхэн нэвтэрснийг шинжээчид хараахан тодруулаагүй байна. Террористууд захын талбайн хажууд оршдог орон нутгийн засаг захиргааны тэргүүний ажлын байрыг онилсон бололтой. Захиргааны байрны хажууд энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэргэнцэр тарааж байсан тул хүмүүс урт дараалалд зогсож байжээ. Дэлбэрэлтийн уршгаар тэнд байсан олон хүн хохирч, захиргааны байр, ойролцоох дэлгүүр, шоронгийн барилга сүйрсэн байна. Үймээнийг далимдуулан хэд хэдэн хоригдол зугтжээ. Барилгын нурангид хүмүүс дарагдсан байж болзошгүй тул амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байна. Сүүлийн үед хамгийн их цус урсгасан алан хядах ажиллагаа энэ юм. Гэмт хэргийн хариуцлагыг одоогоор ямар нэг бүлэг хүлээгээгүй байна. "Талибан" хөдөлгөөн, "Аль-Каида" бүлэг алан хядах ажиллагаа үйлдсэн байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь Мохманд муж Афганистаны хилийн дагуу орших омгийнны бүст багтдаг юм. Тиймээс нутгийн захиргаа омгийн удирдагчдад захирагддаг байна. Төр засгийн томилсон сайд, түшмэд омгийн ахлагч нартай тохиролцохоос бус тэднийг удирддаггүй байна. "Аль-Каида" бүлэг болон "Талибан" хөдөлгөөний олон зэвсэгт этгээдүүд омгийн энэ бүст орогножээ. 2009 оны 9-р сард засгийн газрын цэрэг тэнд үйл ажиллагаа явуулж, зэвсэгт этгээдүүдийг хөөн зайлуулсан тухай мэдэгдсэн юм. Байдал ингээд намжсангүй гэж Оросын шинжлэх ухаан академийн Дэлхийн эдийн засаг Олон улсын харилцааны хүрээлэнгийн олон улсын аюулгүй байдлын төвийн дорно дахины судлаач-шинжээч Владимир Сотников хэллээ. Пакистанд терроризм, хүчирхийллийн давалгаа намжих бус эсрэгээр улам хүчирхэгжиж байгааг энэ томоохон хэмжээний террорист ажиллагаа харууллаа. Ямар ч бүлэг дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээгээгүй байгаа нь террористууд бүгсэн гэх баталгаа биш юм. Миний бодлоор энэ алан хядах ажиллагааг Афганистаны "Талибан" хөдөлгөөний пакистан дахь салбар, эсвэл "Аль-Каида" бүлгийн олон улсын террорист сүлжээний үүр үйлдсэн байж магадгүй. Тэд Пакистаны засгийн газар терроризм, хүчирхийллийн эсрэг тэмцэл явуулж байгаатай үл эвлэрч, террорист халдлагыг таслан зогсооход пакистаны хууль ёсны засаг захиргаатай хамтран ажиллаж байгаа нутгийн ард түмнийг айлгах бодолтой байна. АНУ-ын хоёр сенатч Исламабад хотод пакистаны засаг захиргааны төлөөлөгчидтэй терроризмтай тэмцэхэд америк-пакистаны хамтын ажиллагааг хэлэлцэхээр уулзах үеэр Якка-Гандад дэлбэрэлт болсныг тэмдэглэе.