Өнөөдөр монголын талын санаачилгаар Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярилаа. Орос улсын ерөнхийлөгч 2009 оны 8-р сард Монгол улсад хийсэн айлчлалаар хэлэлцэн тохиролцсоныг хэрэгжүүлэх үүднээс хоёр талын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлыг хэлэлцлээ. Д.Медведев, Ц.Элбэгдорж нар дээд түвшинд хэлэлцэн тохиролцсоныг цогцоор хэрэгжүүлэх үүднээс яам, газрууддаа асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өгөхөөр тохиролцсон байна. Ц.Элбэгдорж 7-р сарын 15-17-нд Улаан-Үд хотод болох Дэлхийн монгол туургатны чуулганы 4 дэх ерөнхий хуралд оролцох гэж байгааг  орос улсын ерөнхийлөгч сайшааж, олон улсын энэ нөлөөтэй чуулганы үйл ажиллагаанд амжилт хүссэн байна. Д.Медведев наадмын баярыг тохиолдулан Монгол улсын ерөнхийлөгч болоод монголын найрсаг ард түмэнд баяр хүргэлээ.