Мексикийн буланд тохиосон экологийн ослын үр дагаврын улмаас дэлхийн нефтийн томоохон компанийн нэг Британийн Бритиш Петролиум компани оршин тогтнох эсэх нь асуудал урган гарч байна. Компани дампуурахаас эмээж Британийн засгийн газар улсын болгох хүртэл онц шуурхай аврах арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулж байна. Энэ үед өрсөлдөгчид нь компанийг авч магадгүй тухай таамаг их байна.  Их Британийн "The Times" сонины мэдээлснээр энэ улсын засаг захиргаа компанийг аврах арга хэмжээг зөвхөн сайд нарын танхимын түвшинд бус ерөнхий сайд Дэвид Кэмероны ойрын үед Вашингтонд хийх айлчлалын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулах бодолтой байна. Британийн тэтгэврийн насны олон сая хүний санхүүгийн сайн сайхан байдалд нөлөөлдөг томоохон татвар төлөгчийн хувьд бус харин улс орны дэлхийн эдийн засгийн ашиг сонирхолыг хамгаалдаг компанийн хувьд Лондон Бритиш Петролиум компанийн хувь заяанд түгшиж байна. Үүний зэрэгцээ нефтийн аварга компани өрсөлдөгчиддөө залгиулахгүйн тулд, мөн алдагдлаа нөхөх мөнгө хайж байна. Өнөөгийн байдлаар ослын үр дагаврыг арилгахад 3 тэрбум гаруй доллар зарцуулсан ч, нефть асгарсаар л байна. Байгал дэлхий хүртэл  Бритиш Петролиум компанийн эсрэг байх шиг. Мексикийн буланд "Алекс" халуун орны шуурга дэгдэж, нефтийг эрэг тийш хөөж байна. Үүний улмаас хувь хүн, байгууллагын компанид гаргасан нэхэмжлэлийн тоог нэмэгдэж байна. Өнөөгийн байдлаар компанийн эсрэг 74 мянга гаруй нэхэмжлэл гаргажээ. "Бритиш Петролиум компанид гаргасан нэхэмжлэлийг барагдуулах мөнгө дэлхийд хүрэлцэхгүй" гэдэгт америкийн нэрд гарсан өмгөөлөгч Кеннет Феинберг итгэлтэй байна. Тиймээс компани дор хаяж "хоёр фронтод" ажиллах хэрэгтэй байна. Нэхэмжлэлийг барагдуулах, мөн "нефтийн гамшгийг" арилгахад хөрөнгө мөнгө хайх хэрэгтэй. Үүний зэрэгцээ Бритиш Петролиум компани 100 тэрбум орчим долларын алдагдал хүлээжээ. Аварга компаний удирдлага Колумби, Венесуэл, бусад оронд байгаа орд газраа худалдах, Азербайжан дахь үйл ажиллагаагаа хумих, томоохон банкуудад зээлийн шугам нээх тухай бодоход хүрч байна. Бритиш Петролиум компанийн удирдлага стратегийн түнш хайх, тэдний сонирхолыг хямд үнэт цаасанд татахын тулд  Кувейт, Катар, нефть олборлогч бусад хэд хэдэн орны хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ хийж байна. Тухайлбал компанийн захирал Тони Хейворд энэ зорилгоорр Абу-Даби хотод иржээ. Бизнесийн гайхалтай хуулиар Роял Датч Шелл, Тотал, Эксон Мобил зэрэг европ, америкийн компанид залгиулахаас Бритиш Петролиум компани юуны түрүүнд эмээж байна. Компанийн олборлож байгаа нефтийн дөрөвний нэг нь Орос улсын нутаг дэвсгэрт байгааг харгалзан хэд хоногийн өмнө Тони Хейворд Москвад ирж, Орос улсын засгийн газрын дэд сайд Игорь Сечинтэй уулзсан юм. Харин Бритиш Петролиум компани хөрөнгөө оросын компаниудад худалдах асуудлыг айлчлаар тодруулаагүй юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц нэлээд өөрчлөгдөнө гэж Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн ерөнхий захирал Константин Симонов "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа дурдав.  Бритиш Петролиум удирдлага үүнийг ойлгож, томоохон хөрөнгө оруулагчдыг татахаар идэвхтэй ажиллаж байна. Үүний зэрэгцээ өрсөлдөгч байгууллагын удирдлагад компанийг залгиулахгүйн тулд энгийн үгээр хуучнаараа эсэн мэнд үлдэхийн тулд бүхнийг хийж байна. Өрсөлдөгчдөө залгиулбал Бритиш Петролиум компанийн удирдлага огцорно. Хагас үнээр ч компанийг худалдан авна гэдэг амаргүй зорилт. Ийм боломж ховор тохиох тул хэн нэг нь үүнийг ашиглах байх. Ослын ноцтой байдлыг үл харгалзан компанийн хөрөнгийн бодит өртөг тал болтол буураагүй. Тавцан, түүхий эдийн нөөц, нефть дахин боловсруулах хүчин чадал хэвээр байна. Энд тоглоомын орон зай байна. ТУХН-ийн нутаг дэвсгэрт Бритиш Петролиум компанийн өмч байна гэдэг нэлээд сонирхол татаж байна. Оросын компаниуд үүнийг авахад бэлэн байн. Бритиш Петролиум компанид мөнгө хэрэгтэй тул боломжийн үнээр худалдан авах боломжтой.  Бритиш Петролиум компанийн байдлыг хэд хэдэн шуугиан улам дэвэргэж байна. Нефтийн аварга компани АНУ-ын холбооны хэд хэдэн яамтай тохиролцолгүй Мексикийн буланд ажиллах зөвшөөрөл авсан тухай мэдээлэл саяхан гарсан юм. Осол гарснаас хэд хоногийн дараа Бритиш Петролиум компаний удирдлагуудын нэг хувийн хөлөг онгоцоор нууц амрагтайгаа аялалд гарсан тухай мэдээ ч байна. Өнөө үед олон хүн шүүх нэхэмжлэлээс гадна компанийн нэр хүндэд халдах сонирхолтой байна. Ойрын үед үүссэн нөхцөл байдлыг хэрхэн шийдэх тухай Британийн сайд нарын танхим удахгүй уламжилна.