0Оросын Сочи хотод болох 2014 оны өвлийн олимпийн наадамд олон жуулчин, хөгжөөн дэмжигчид очихыг хүсч байгаа. Халуун оронд өвлийн олимпийн наадам болно гэдэг үнэхээр сонирхолтой! Хар далайн Кавказын эргийн дагуу 145 км нутагт сунан орших Сочи хот халуун орны баян бүрд төдийгүй амралт сувилалын газар, дархан цаазат байгалийн хязгаар нутаг юм. Энэ баялаг түүхтэй нутаг билээ. Сочи хотын түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Елена Галищева "Оросын дуу хоолой" радиогийн долгионоор Хар далайн бүс нутгийн түүхийн талаар үргэлжлүүлэн өгүүлж байна. 1837 онд Хар далайн эрэг дээр Кавказын дайны ид үе. Энэ үеэр ирээдүйн Сочи хотын нутаг дэвсгэрт "Гэгээн сэтгэл" анхны бэхлэлтийг байгуулжээ. Эргийн шугамын дагуу ийм дөрвөн бэхлэлт босгосон байна. Энд үндсэндээ цөлөгдсөн орос үндэстнүүд алба хаадаг байв. Тэд рашаан сувилалын газар цөлөгдсөнөө ч таамаглаагүй. " Тэд маш хүнд нөхцөлд байсан" гэж Елена Галищева тэмдэглэллээ. Түлээнд явах тоолонд нутгийн уугуул иргэдтэй зэвсэгт мөргөлдөөн болдог, мөн хумхаа өвчин ноёлсноос 2-3 жилд цайзын бүрэлдэхүүн бүрэн өөрчлөгдөж байв. Нэрд гарсан яруу найрагч Одоевский, мөн цайзад байсан олон хүн хумхаа өвчнөөр үрэгджээ.  Цайз хэрэгцээгүй болсон тул 19-р зууны дунд үед буулгаж, орос үндэстэн бараг үлдээгүй байна. Кавказын дайн 1864 онд дууссаны дараа Хар далайн эргийн Кавказын эрэгт Орос улсын янз бүрийн бүс нутгаас хүмүүс бөөнөөр шилжин суурьшиж эхэлжээ. Иргэд засгийн газрын хөтөлбөр болон хүслээрээ шилжин суурьшиж байлаа. Орос улсад 1861 онд хамжлагат эрхийг өөрчилсөн гэж Елена Галищева сануулж байна. Олон тариачин газаргүй үлдсэн юм. Тиймээс тэд эргийн эзгүүрсэн нутгийг эзэмшихээр явжээ. Туркийн эзэнт гүрнээс хүмүүс энд ирж байлаа. Үндсэндээ христос шажинтай грек, армян, гүрж үндэстэн ирж байсан аж. Тэднээс гадна орос, украин, белорус, молдав, эстон, германчүүд энд нүүдэллэн ирж байлаа. Тэгээд 19-р зууны эцэст өнөөгийн олон үндэстэнтэй хотын араг яс бүрдсэн юм. Хэд хэдэн хот тосгоны нэр тэнд ямар хүмүүс сууж байсныг илтгэдэг. Энд анх аж төрөхөд их хүнд байжээ. Үржил шим сайтай газар нутгаас ирсэн орос, украин үндэстнүүдэд буудай зэрэг ерийн ургамал ургадаггүй шаварлаг хөрстэй тулгарчээ. Олонх нь тэвчилгүй нутаг буцаж байв. Тэнд үлдсэн хүмүүст нутгийн оршин суугчид дасан зохицоход нь тусалжээ. Суурьшигчид аажмаар эрдэнэ шиш, тамхи тариалж, цэцэрлэг байгуулж эхэлжээ. 1896 онд сууринг Сочи хэмээн нэрлэсэн байна. Нутгийн нэрийн орос хувилбар нь энэ юм. Сочи 1917 онд хот болон өргөжижээ. Хотыг рашаан сувилалын газар болгох тухай эртнээс бодож төлөвлөсөн ч, их бэрхшээлтэй тулгарч байв. Геологич, ботаникч, цаг уур судлаач, рашаан эмнэлэг судлаач рашаан эмнэлэг байгуулахаар нутгийг судлахаар ирсэн юм. Тэгээд 1898 онд Цаг уур судлалын Бүх оросын анхны хурлын үеэр Хар далайн Кавказын эмчилгээний талаарх илтгэлийг танилцуулсан юм. Эндхийн агаарын сайхан урсгал, эмчилгээний рашаан, ер бусын уур амьсгалтай, уул, тэнгис зэрэг нь дэлхийн хамгийн хойд дулаан орныг бүрдүүлж байлаа. Хотыг Кавказын ирээдүйн Ривьера хэмээн нэрлэсэн юм. Байгалийн нөхцөл байдлаар энэ хот францын Ривьераг санагдуулж байв. Рашаан сувилалын дэд бүтэц байгуулахад эдийн засгийн хөрөнгө оруулалт их шаардлагатай байсан юм. "20-р зууны эхэнд энэ хязгаарт одоо Олимпийн наадамд бэлтгэх дайны ажил өрнөж байсан" гэж Елена Галищева ярилаа. Тэр үед  ардууд "Бурхан өршөө" хэмээн нэрлэсэн алдартай туннель буюу  Краснополяны замыг 100 жилийн тэртээ маш хүнд нөхцөлд барьж байгуулсан юм. Үнийг барихад олон хүн амь насаа алджээ. 1899 онд Красная Поляна уулын амралтын газрыг нээсэн юм. Зууны эхэнд Сочи хотод хөдөө аж ахуйн туршилтын станц, 1905 онд дэлхийн хамгийн хойд нутагт анхны цайны ургамал суулгажээ. Дулаан орны ургамал суулгаж, Сергей Худяков "Надежда" цэцэрлэгт хүрээлэн байгуулсан юм. Сочи хотын энэ модот цэцэрлэгийг бүгд мэддэг. Эрдэмтэн Василий Хлудовын эдлэн байсан "Ривьера" цэцэрлэгт хүрээлэн байна. Рашаан сувилалын газар Оросын язгууртан, бизнес эрхэлэгч, сэхээтнүүдийн зуслангаас үүдэлтэй. Москва болон петербургийн архитекторчид орчин үеийн загвараар тэдний байшин барилгыг барьж босгож байлаа. Эхний зочид буудлууд ч бий болсон...  "Калифорния", "Марсель", "Гранд-отель", "Бельвю" зэрэг зочид буудал байна хэмээн Елена Галищева ярилаа. Эдгээр нэрсээс тансаг, үнэтэй дүр зураг бууж байна. Харин гэрэл зураг дээр энгийн, жирийн барилга харагдана. Францын Ривьера зочид буудлыг давж гарах үүднээс 1909 онд "Кавказын Ривьера" зочид буудлыг байгуулсан. Орчин үеийн загвартай маш сайхан барилга боссон гэж настай хүмүүс дурсан санадаг. Хотод байгаагүй зүйл тэнд байсан. Цахилгаан, ус дамжуулах хоолой, зогсоол, кинотеатр, тэнгисийн устай цахилгаан эмчилгээний газартай байсан. Зөвлөлтийн үед зочид буудал нэр хүндтэй сувилалын газар, 1990-ээд оны эцэст энэ барилгыг нураажээ. Одоо Олимпийн наадмын өмнө энэ дурсгалт байшинг сэргээн засварлах ажил өрнөж байна. Сочи рашаан сувилалын газрын бэлэг тэмдэг "Кавказын Ривьера" зочид буудлыг 20-р зууны эхэнд ашиглалтад өгөхөд ямар байсан тэр байдлаар харах болно.