Африкийн орнуудад эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах хөтөлбөрт Орос улс 75 сая доллар хуваарилна. Их наймын бүлгийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв дэлхийн ядуу орны эх хүүхдийн эрүүл мэндийн тухай байна хэмээн зарласан Канадын ерөнхий сайд Стивен Харперийн санаачилгад Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев ийм хариу өглөө.  Орос улсын тэргүүн африк, латин америкийн хэд хэдэн орны удирдагчийг урьж оролцуулж байгаа "их наймын" удирдагчдын уулзалтын үеэр мансууруулах бодистой тэмцэх дэлхийг хамарсан төлөвлөгөө батлахыг санал болгов. Ядуу, хөгжингүй эдийн засагтай оронд шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байгаа тэргүүн зэргийн зорилтод энэ асуудал багтаж байна. Канадад цугласан удирдагчдын цорын ганц санаачилга энэ биш юм. Ерөнхийлөгч, ерөнхий сайд нар "их наймын бүлэг" мөн "хорийн" уулзалтын хүрээнд янз бүрийн сэдвийг хэлэлцэнэ. "Оросын дуу хоолой" радиогийн сурвалжлагч Светлана Андреева Канадаас ийнхүү уламжилж байна. Томоохон улсын удирдагчдыг нутагтаа урьж, цуглуулж байсан орон аюулгүй байдлыг ийм өндөр түвшинд хангаж байсныг мэдэхгүй. Глобалчлалын эсрэг тэмцэгчид дэлхийн томоохон орны төрийн тэргүүн нарын уулзалтыг тасалдуулахаас сэргийлж, их наймын дээд хэмжээний уулзалтыг саяхнаас томоохон суурин газраас алс дэлхийн хамгийн чимээ аниргүй, буйдхан газар зохион байгуулах болсон юм. Канад мөн адил буйдхан газар уулзалтыг зохион байгууллаа. "Их наймын" удирдагчдыг хүлээн авсан Хантсвил хот орших Мускока үзэсгэлэнт байгалтай тойргийг тайван амгалан, өнгө будаг хосолсон газар гэхээс өөрөөр нэрлэх аргагүй. Энд мөн Европын Холбоо болон 19 орны төрийн тэргүүн нар хүрэлцэн ирэх Торонто хотод аюулгүй байдлыг урьд байгаагүй хэмжээнд хангаж байна. Уулзалтад оролцогчид байрлах зочид буудал, хэвлэлийн төвийг тойруулан өндөр хашаа босгожээ. Энд зөвхөн тусгай үнэмлэхээр орно. Үүнээс гадна ойр орчмын дүүргийг дэлгүүр, машин тавих газрыг хаасан байна. Машин, явган зорчигч энд тун ховор байна. Хот ийм чимээ аниргүй, хүнгүй байхыг бид санахгүй байна гэж оршин суугчид ярьж байна. Олонх нь хууль сахиулах байгууллагын ажлыг ойлгож, үүссэн нөхцөл байдлын талаар санал гомдол гаргахгүй байхыг хичээж байна. Ийм арга хэмжээ авснаар уулзалтад оролцогчид хэн нэгний сэтгэл дундуур байдалд анхаарал сарнихгүй, илүү үр нөлөөтэй, тодорхой ажиллах боломж бүрдэж байна. Ямартай ч уулзалтын эхний өдөр талууд хүмүүнлэгийн асуудлаас гадна эдийн засгийн асуудлыг хэлэлцлээ. Орос улс үндсэн хоёр асуудлаар байр сууриа тодорхойлсон гэж Орос улсын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович сэтгүүлчдэд ярилаа. Түүний хэлснээр ерөнхийлөгч Д.Медведев төсвийн хариуцлагатай бодлого шаардлагатай байгааг тэмдэглэж, төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөөгөө зарлаж, бусдад үлгэрлэхийг түншүүддээ уриалжээ. Хоёр дахь санаачилга нь дээр дурдсан мансууруулах бодистой тэмцэх дэлхийг хамарсан төлөвлөгөө боловсруулах тухай юм. Д.Медведев энэ салбарт үйл ажиллагаагаа одоо байгаагаас илүү зохицууулахыг уриалсан гэж ерөнхийлөгчийн туслах тэмдэглэллээ. "Их наймын бүлэг" ажлаа үргэлжлүүлж байна. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд олон улсын аюулгүй байдлын асуудал тухайлбал Иран болон БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, терроризмтай хамтран тэмцэх тухай байна. Үүний зэрэгцээ одоо Канадад "Их наймын" дээд хэмжээний уулзалт түүхэнд хамгийн богино хугацаанд болж байна. Уулзалт бүтэн хагас өдөр үргэлжилнэ. Үүнийг үргэлжлүүлэн "Их хорийн" өргөтгөсөн бүрэлдэхүүнээр уулзалт болно.