Белорус улс оросоос авсан хийн төлбөрөө гэрээний дагуу хийсэн тул тус бүгд найрамдах улсад бүрэн хэмжээгээр хий нийлүүлнэ гэж "Газпром" компани баталлаа. Компанийн тэргүүн Алексей Миллер Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевт утсаар энэ тухай мэдэгдлээ. "Газпром" компани Белорусын нутгаар хий дамжуулсан төлбөрөө москвагийн цагаар 11 цаг хүртэл барагдуулахгүй бол оросоос европт нийлүүлж буй хийг замд нь хаана хэмээн Минск Москвад анхааруулсан юм. Тус бүгд найрамдах улсын нутгаар хий дамжуулсан оросын өр  260 сая доллар хэмээн Белорусын тал тооцжээ. Үүний зэрэгцээ Москва Белоруст өртэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч, хэдий хэмжээний өртэй болохоо хэлээгүй юм. Хэрэв Белорус мөнгө авахыг хүсч байгаа бол наймаалцах бус холбогдох гэрээ хэлэлцээ байгуулах ёстой гэж "Газпром" компанийн төлөөлөгч Сергей Куприянов мэдэгдэв. Оросын хийн холдинг 6-р сарын 21-ээс Белоруст нийлүүлэх нүүрс ус төрөгчийн түүхий эдийн хэмжээг төлөвлөснөөс 60 хувь хүртэл бууруулсан юм.