Москва хотын Улаан талбайд 65 жилийн тэртээ Аугаа эх орны дайнд фашист Германыг бут ниргэснийг тэмдэглэж, зөвлөлтийн армийн ялалтын домогт парад болсон юм. Нийслэлийн гол талбайд бардам алхаж, ялагчдын парадад оролцсон хүмүүс жил бүр энэ дурсгалт өдөр ойртоход догдолж, тэртээх жилүүдийн үйл явдалд сэтгэл нь хөдөлдөг. Москвад 1945 оны 6-р сарын 24-нд өглөөнөөс ширүүн бороо орж байжээ. Малгай, дүрэмт хувцас бороонд норж байсан ч, ялагчдын маршид оролцогчид цаг агаарын энэ таагүй байдлыг үл ажирч байлаа. Өглөөний 10 цагт кремлийн жүн цохилох мөчид ЗХУ-ын маршал Георгий Жуков цагаан морьтой Улаан талбайд гарч ирсэн юм. Тэрээр парадыг командалсан маршал Константин Рокоссовскийн илтгэлийг сонсож, дараа нь хоёр домогт цэргийн дарга нар хамтдаа цэргээ тойрсон юм.  Фашист германыг дарсан түүхэн ялалтад ЗХУ гол, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг өдгөө бүгд хүлээн зөвшөөрч байна гэж Георгий Жуков хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм. Улаан арми гурван жилийн турш Герман, түүний холбоотнуудын зэвсэгт хүчний эсрэг нүүр тулан тэмцсэн юм. ЗХУ эрх чөлөө, эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалаад зогсохгүй, европын ард түмнийг германы дарлалаас сулласан билээ.  Дараа нь Улаан талбайгаар Аугаа эх орны дайны бүх фронтын 40 мянган цэрэг, олон тооны техник ёслолын маршаар Улаан талбайгаар өнгөрсөн юм. Эцэст нь парадын хамгийн сэтгэл хөдөлгөм мөч боллоо. Найрал хөгжим зогсож, анир чимээгүйд 80 бөмбөрийг хүчтэй цохилов. Фашистын 200 туг барьсан цэргийн суман урагш алхалаа. Тэдний барьж явсан туг чулуун талбайг шүргэж байв. Улаан талбайд бөмбөрийн дуу нижигнэж байлаа. Цэргүүд мавзолейн хөлд барьсан хоёр модон тавцанд дайсны тугийг хамаг хүчээр шидэж байв. Эхлээд Гитлерийн тугийг шидлээ. Тугны иш чулуун дээр унах дуулдаж, туг тайзыг бүрхэлээ. Индэрт байгаа хүмүүс алга нижигнүүлэн ташив. 1400 хөгжимчдөөс бүрдсэн асар том найрал хөгжимчид алхаж, Ялалтын парад өндөрлөсөн юм. Ялагчдын парадад пулемётч Николай Морозов 19 настайдаа оролцсон юм. Тэрээр 17 настайдаа оросын эртний Котельнич буюу өдгөөгийн Киров мужаас фронтод явж, дайн дуусахад цэргийн Алдарын бүх одон хүртжээ. Тухайн үед парадад оролцох хүмүүсийг нарийн сонгон шалгаруулж байсан гэж Морозов ярьж байна. Тулаанд бусдаас ялгарсан, байлдааны одонтой, мөн 176 см багагүй өндөртэй, 30-аас доош насны цэргүүдийг сонгож байлаа. Николай Морозов энэ бүх шалгуурт тэнцжээ. Тэрээр Ржев хотыг хамгаалах тулаанд эрэлхэгээр дайтаж, Курскийн цүнхээл, Днепр мөрөнд дайтаж, Гданьскийг чөлөөлж, шархадаж ч явсан байна. Биднийг сайхан хүлээж авсан гэж Николай Морозов дурсан санаж байна. Бид Улаан талбайгаар алхаад нэрийг нь үл мэдэх гудмаар орж байсныг би хэзээ ч мартахгүй. Тэнд баруун, зүүн талд эгнэн зогссон хүмүүс бидэнд баяр хүргэж байлаа. Бид тэдний өмнүүр явж өнгөрсөн юм. Ард түмэн биднийг гар дээрээ өргөхөд ч бэлэн байсан. Тэд цэцэг бэлэглэж, үнсч байлаа. Өдгөө Ялалтын парадад оролцсон бүх хүн амьд сэрүүн биш байна. Бие нь чилээрхээгүй ахмад дайчид 6-р сарын 24-ий өглөө оросын нийслэлийн Александровскийн цэцэрлэгт хүрээлэнд зайлшгүй цуглаж, нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө, Жуков жанжны хөшөөнд цэцэг өргөдөг. Мэдээж хэрэг ахмад дайчид фашизмыг ялсан маршал, генерал, офицер, цэргүүд нэгдсэн хороодын эгнээгээр явж өнгөрсөн 1945 оны үл мартагдах парадыг ямагт дурсан санадаг.