Эрхүүгийн төв зах дээр сүүлийн өдрүүдэд ер бусын дүр зургийг ажиглах боломжтой байлаа. Цагаан халаттай монголоос ирсэн малын эмч нар лангууны хооронд явж, борлуулж байгаа малын гаралтай бүтээгдэхүүнийг анхааралтай судалжээ. Борлуулалтын нөхцөл, хадгалалт, лангуун дээр авчирсан маханд шинжилгээ хийх зэрэг бүх зүйл зочдод сонирхолтой байв. Эрхүүгийн хөдөө аж ахуйн Академийн дэргэдэх мэргэжил дээшлүүлэх хүрээлэнгийн сургалтанд сууж байгаа монголын малын эмч нар хотын төв зах дээр дадлага хийсэн нь энэ юм. Орос, Монголын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд энэ сургалт болж байна гэж дээр дурдсан дээд сургуулийн захирал Роза Сагирова ярилаа. Энэ хэлэлцээрт өнгөрсөн оны эхэнд гарын үсэг зурсан юм. Сургалтанд монголын гурав дахь хэсэг мэргэжилтнүүд сууж байна. Хөдөө аж ахуйн байгууллагын удирдлага, агрономичид өнгөрсөн жил энд дадлага хийжээ. Улаанбаатар, Дархан хотын махны үйлдвэрийн томоохон компанийн малын эмч мэргэжилтнүүд энд 10 хоног суралцжээ. Зочид эхлээд лекц сонсож, дараа нь Эрхүүгийн төв захад мал эмнэлгийн ариун цэврийн шинжилгээний лабораторид практик дадлага хийсэн байна. Энд монголын малын эмч нар мах хүлээж авах дүрмийг нарийвчлан судалжээ. Махыг дүрмийн дагуу хэрхэн хүлээж авах, шимэгч хорхоотой эсэхийг шалгах, Орос улсын мал эмнэлэг-ариун цэврийн шинжилгээний стандартын дагуу бүтээгдэхүүнд ямар бичиг баримт олгох зэрэгтэй танилцлаа. Тэд нутагтаа очоод, Эрхүү мужид нийлүүлэх махыг бэлдэнэ. Монгол улсад мал бөөнөөр нядалж, 8-р сарын 15-нд оросын энэ бүс нутагт нийлүүлэх юм. Оросын талын шаардлагыг судалснаар цаашид амжилттай хамтран ажиллах суурь болно. Монголд томилолтоор ажиллаж, ажил нэгт нөхддөө туслах оросын мал эмч нарын багийг Эрхүү хотод байгуулжээ.  Манай монголын ажил нэгт нөхөд цаашид суралцах асар их хүсэлтэй байна гэж Роза Сагирова ярилаа. Монголоос сүүлд ирсэн малын эмч нар бүгд гэрчилгээ, диплом гардсан. Тэд сурч мэдсэнээ үүгээр хязгаарлалгүй энд дахин ирж суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Манай Академид онолын олон бүтээл байдаг. Мэдээж, сурах зүйл их бий. Эрхүүгийн хөдөө аж ахуйн академи болон үүний дэргэдэх хүрээлэн Монголыг сайн мэдэнэ. Тус академи 1953 оноос Монгол улсад боловсон хүчин бэлтгэж байна. Энэ дээд сургуулийн төсөгчид Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт чухал алба хашиж байна. Тус дээд сургууль монгол улсад 300 гаруй боловсон хүчин бэлтгэжээ. Хэсэг хугацаанд завсарласны дараа оюутан сургах сайхан уламжлал сэргэж, өдгөө монголын залуус энд суралцаж байна. Өнөө үед Эрхүүгийн хөдөө аж ахуйн академид улсын шугамаар монголын 20 охид, залуус суралцаж байна. Тэд сайн мэргэжилтэн болно гэдэгт дээд сургуулийнхан итгэлтэй байна.