1941 оны 6-р сарын 22 Орос улсын түүхийн хамгийн гунигтай, эмгэнэлтэй өдрийн нэг юм. Албан ёсны мэдээгээр ЗХУ-ын 26,6 сая гаруй иргэний аминд хүрсэн Аугаа эх орны дайн энэ өдөр эхэлсэн билээ. Гитлерчүүдийн цохилтод хамгийн түрүүнд өртөж, нацистуудын бүслэлтийн хамаг хүнд хүчрийг үүрсэн Орос, Украин, Белорус, ЗХУ-ын хуучин бүгд найрамдах улс 1996 онд 6-р сарын 22-нд амь үрэгдэгсдийг дурсан, эмгэнэн гашуудах өдрөөр зарлажээ. Тэр үед 69 жилийн тэртээ ЗХУ-ын удирдагчдын нэг Вячеслав Молотов дайн эхэлсэнтэй холбогдуулан радиогоор иргэддээ хандан үг хэлсэн юм. Энэ өдөр өглөөний 4 цагт ЗХУ-д ямар нэг санаархалаа мэдүүлэлгүй, мөн дайн зарлалгүй германы цэрэг манай улсад цөмөрч, манай хилийн олон хэсэгт халдсан юм. "Бидний үйлс зөв! Дайсныг бут ниргэнэ! Бид ялна!"-улс орны засгийн газрын орлогч дарга ард түмэнд хандсан үгээ ийнхүү төгсгөсөн юм. 1941 оны 6-р сарын 22-нд нэг цохилтоор зөвлөлтийн  ард түмний амьдрал дайны өмнө болон дараа хоёр хэсэгт хуваагдсан билээ. Москва орчимд сууж байсан 17 настай Михаил Шленовын хувь заяа ч үүнийг тойрсонгүй. 1941 оны 6-р сарын 22-нд Люберцийн цэнгэлдэг хүрээлэнд Хөдөлмөр, батлан хамгаалахад бэлэн байгтун! норм хангах шалгалт өгч байлаа хэмээн ахмад дайчин дурсан санаж байна. Тухайн үед би дарханы сургалттай 10-р сургуульд сурч байлаа. Норм хангах шалгалт өгчихөөд бид хот орсон юм. Урдаас ирж явсан хүмүүс германчүүд ямар нэг гомдол мэдүүлэлгүй дайрсан тухай ярьж байлаа. Дайн эхэлсэн тухай мэдээллийг би ингэж л сонссон юм.  Михаил Шленов сайн дураар фронтод явж, дайны турш автоматчаар дайтжээ. Тэрээр Орел, Белгород хотыг чөлөөлж, Курскийн цүнхээлд дайтаж, Кенигсбергийг чөлөөлөх тулаанд оролцож, Эльба мөрөн дээр холбоотнуудтай уулзаж, Берлинд дайн дуусахад  ахлагч цолтой болжээ. Гурван ч удаа шархадаж явсан түүнийг эр зориг гаргасны төлөө "Цусан гавьяаны" медаль, мөн "Улаан таван хошуу" одонгоор шагнасан юм. Дайны дараа тэрээр их сургуулиа дүүргэж, Лихачевын нэрэмжит ЗИЛ авьтомашины үйлдвэрт бүх насаараа ажиллажээ. Өдгөө 85 настай Михаил Шленов дайны талаар ач, зээ нартай төдийгүй нийслэлийн сурагчдад ярьж, өгүүлдэг. Орос улсад дайны сүүдэр тусаагүй өрх гэж үгүй хэмээн Михаил Шленов ярилаа. Бүгдийн ойр дотны хүмүүс фронтод амь үрэгдсэн, эсвэл фашистудын бүслэлтэд зовж, зүдэрсэн, эсвэл өлсгөлөнгөөр үрэгдсэн байдаг. "Хэнийг ч мартаагүй, юуг ч мартаагүй" оросын өнөө болон ирээдүй үе энэ л үгэнд түшиглэн Аугаа эх орны дайны тухай дурсамжид болгоомжтой хандаж байгаа гэдэгт ахмад дайчин итгэлтэй байна.  Амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэн гашуудах өдөр Аугаа эх орны дайны баатаруудын хөшөө, дурсгалын цогцолбор цэцгэнд дарагддаг. Оросын сая сая хүн амь үрэгдэгсдийг дурсан санаж, гэртээ лаа асааж, 1941 оны 6-р сарын 22-нд фронт яваад, эргэж ирээгүй хүмүүсийн нандигнан хадгалсан эд зүйлийг гаргаж үздэг. Тэр аймшигт дайнаас цаг хугацааны хувьд холдох тусам  үүнийг дурсан санаж, фашизмыг үл сэргээж, улс хоорондын зөрчлийг зэвсгийн хүчээр шийдвэрлэж болохгүй болохыг ойлгох нь хамгаас чухал билээ. Амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэн гашуудах өдөр дэлхий ертөнц эмзэг, дайныг дагалддаг тэр муу муухайн тухай бодож тунгаах бас нэг шалтаг болно.