Польшид өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө "чимээгүй байх" үеийг зарлалаа. Үүнтэй холбогдуулан ямар ч хэлбэрийн сурталчилгаа хийх, социологийн санал асуулга явуулах, нэр дэвшигчийн үнэлгээг нийтлэх, тэдний хөтөлбөрийг хэлэлцэхийг хоригложээ. Үүнийг зөрчсөн хүмүүст их хэмжээний мөнгөн торгууль ногдуулна. Ерөнхийлөгчийн хугацаанаас өмнө сонгууль болж байна. Тус бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Лех Качиньский 4-р сарын 10-нд Смоленск орчимд нисэх онгоцны ослоор нас барсны дараа сонгуулийг хугацаанаас өмнө явуулахаар болжээ. Төрийн дээд албан тушаалд хэд хэдэн хүн нэр дэвшсэнээс ердөө хоёр хүн энэ албан тушаалд сонгогдох бодит боломжтой юм. "Иргэний талбар" эрх баригч намаас нэр дэвшиж байгаа, сеймийн дарга Бронислав Коморовский, мөн амь үрэгдсэн ерөнхийлөгчийн ах "Шударга ёс, хууль" баруунтны эрс намын дарга Ярослав Качиньский юм.Польшийн сонгогчид хувь хүнээс гадна улс төрчийн хувьд сонголт хийнэ гэж Оросын шинжлэх ухаан академийн Дэлхийн эдийн засаг Олон улсын харилцааны хүрээлэнгийн европын судалгааны хэлтсийн эрхэлэгч Надежда Арбатова үзэж байна. Польшид маргааш болох сонгуульд нэр дэвшиж байгаа хоёр хүн хоёр өөр бодлого танилцуулж байна. Нэр дэвшигч Качиньский нас нөгчсөн ерөнхийлөгч Лех Качиньскийн бодлогыг үргэлжлүүлнэ. Нэрд гарсан кино найруулагч Анжей Вайдын тодорхойлсноор энэ бодлого гадаад, дотоод бодлогод маш явцуу үндэсэрхэх арга барилаар хандаж байна. Энэ  бие даасан эсвэл тусгаарласан бодлого юм. Олон улс, мөн дотоодод ч ялгаагүй тийм билээ. Ерөнхийдөө европын интеграцчлалын үйл явцад төдий л нийцэхгүй бодлого юм. Польшийн хөрш Орос улстай тогтоосон харилцаанд энэ бодлого харилцан ойлголцоход тэр бүр түлхэц болдоггүй байсан. Харин Бронислав Коморовскийн тухайд тэрээр гадаад, дотоод бодлогод нэлээд прагматик байдлаар хандаж байна. Юуны түрүүнд тэрээр Орос, Польшийн харилцааг шинэ сууринд түшиглэн хөгжүүлэхийн төлөө байна. Нэг үгээр польшуудад сонголт байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын эхэн үед Бронислав Коморовский тэргүүлж байв. Качиньский энэ ялгааг 10 хүртэл хувиар бууруулжээ. Сонгуулийн дүн сонгогчдын ирцээс шалтгаална гэж шинжээчид үзэж байна. Хэрэв ням гаригт нэр дэвшигчдийн аль нь ч 50 гаруй хувийн санал авахгүй бол хоёр долоо хоногийн дараа хоёр дахь шатны санал хураалт болох ёстой.