Эрхэм сонсогч та бүхэн Оросын яруу найрагч Александр Твардовскийн уран бүтээл, амьдралын тухай сонирхож, Бүгд найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хоттой танилцаж, гахайн махаар ороомог хийж сурахыг хүсч байгаа бол "Умард хөрш" сэтгүүлийн 6 дахь дугаарыг сөхөөрэй. Энэ сэтгүүлийг "Оросын сан" Монголын төрийн бус байгууллага эрхэлэн гаргадаг юм. Сэтгүүлийн 6-р сарын дугаар хэдийн борлож байна. Сэтгүүлийн хуудаснаас өөр юу унших боломжтой вэ? Өнөөдөр бид энэ тухай өгүүлнэ. Сэтгүүлийн эрхлэгч Цацралт бидэнд тусална.  "Умард хөрш" сэтгүүл 6 дахь дугаартаа эдгээр уралдааны ялагчийн нэрсийг нийтэлжээ. Шагналт байранд орсон хүмүүсийн нэрсийг бид бас зарлана. "Фашизмд үгүй гэж хэлнэ" сэдэвт зохион бичлэгийн уралдаанд Оросын шинжлэх ухаан соёлын төвийн орос хэлний дамжааны сонсогч Б.Жавхалангийн бүтээл шалгарсан байна. Ялалтын тухай орос дууны уралдаанд Москва хотын нэрэмжит 33 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг түрүүлсэн байна. Улаанбаатар хотын 33-р сургуулийн 10-р ангийн сурагч С.Мөнгөнсар Чеховын бүтээлийн уран уншигчаар шалгарчээ.  Эдгээр уралдаанд түрүүлсэн хүмүүст чин сэтгэлээсээ баяр хүргэе. "Умард хөрш" сэтгүүлийн 6 дахь дугаарын тоймоо үргэлжлүүлье. Сэтгүүлийн Орос улсын бүс нутаг, хотуудын тухай өгүүлдэг уламжлалт буланд миний бодлоор сонирхолтой, танин мэдэхүйн материал хэвлэгджээ. Сэтгүүлийн тус буланд энэ удаа Бүгд найрамдах Башкортостан улсын нийслэл, гоёмсог хот Уфа, Бүгд найрамдах Умард Осетийн улсын талаар өгүүлжээ. Сэтгүүлд ОХУ-ын өвөркавказын бүс нутгийн талаар анх удаа өгүүлсэн байна. Сэтгүүлийн түүхийн хуудсаар Эртний Оросын вангуудын талаарх материалыг уншигчиддаа үргэлжлүүлэн хүргэж байна. Энэ удаа их ван Александр Невскийн хоёр дахь хүү Дмитрий Александровичийн тухай өгүүлсэн байна. Амьдралын янз бүрийн жилүүдэд тэрээр Новгород, Переяславын ван, мөн Владимирийн Аугаа ван байжээ. Гэхдээ эцгийнхээ адил түүхэнд онцгой хүн болж чадаагүй байна. Оросын зөвлөлтийн яруу найрагч, зохиолч, хэвлэн нийтлэгч Александр Твардовскийн 100 жилийн ой 6-р сарын 21-нд тохионо. Түүний нэрд гарсан бүтээлийн нэг Аугаа эх орны дайны жилүүдэд бичсэн "Василий Теркин" яруу найргийг зүгээр "дайчны тухай ном" хэмээн нэрлэдэг. Яруу найргийг монголоор орчуулсан тул олж, унших боломжтой. "Умард хөрш" сэтгүүлийн 6 дахь дугаарт Твардовскийн намтрыг нийтэлжээ. Тэрээр амаргүй үед, хатуу хөтүү амьдрал туулсан нэгэн.  Юрий Левитанд байгалаас гайхалтай хоолой заяажээ. Тэрээр 17 настайдаа радиод ирж, насан эцслэх хүртлээ тэнд ажилласан байна. Монгол хэлний редакц орших радиод энэ сайхан хүнийг дурсан санадаг. Эрхэм анд нөхөд өө, түүний талаар "Умард хөрш" сэтгүүлд гарсан материалыг уншаарай. Юрий Левитан сонирхолтой хувь заяатай нэгэн.  "Умард хөрш" сэтгүүлийн 6 дахь дугаар "Орос гал тогоо", "Оросоор ярьцагаая" уламжлалт булангаар өндөрлөж байна. Та бүхэн гахайн махаар хэрхэн ороомог хийх, "Эрүүл мэнд" хичээлийг сонирхох боломжтой. Сэтгүүлийн 6 дахь дугаарын тоймыг танилцуулсан хатагтай Цацралтад талархаж байна. Та бүхэн сэтгүүлээ уншаарай.