Ерөнхийлөгч Д.Медведев Киргизийн байдлыг тогтворжуулахад оросын цэргийг дундад азийн тус бүгд найрамдах улсад илгээх шаардлагагүй гэж үзэж байна. Тэрээр ирэх долоо хоногт АНУ-д айлчлахын өмнө америкийн "Уолл-стрит Жорнел" сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв.  Орчин үеийн хамгийн хурц асуудал өнөөгийн байдлаар гарцаагүй киргизийн сэдвийн тухайд орос улсын төрийн тэргүүн дэлгэрэнгүй ярилаа. Тус бүгд найрамдах улсын шинэ засаг захиргаа тэнд энхийг сахиулагчдыг илгээх хүсэлтээ татаж авсан тухай тэрээр ярилаа. Тэнд үүссэн нөхцөл байдлыг өөрсдөө шийдэх хэрэгтэй гэж Д.Медведев үзэж байна. Түүний хэлснээр Киргизд нэлээд хүнд, эмгэнэлтэй үйл явдал үүсчээ. Киргизийн иргэний нийгэм ерөнхийдөө тогтворгүй, улс төрийн байгууллага сул зэргээс ийм байдал үүссэн гэж тэрээр үзэж байна. Гэхдээ энэ нөхцөл байдлыг эдгээх аргагүй гэж бодож болохгүй. Киргизийн удирдлага ялангуяа янз бүрийн үндэстний тухайд ухаалаг хандаж, цагдаа ажиллахгүй бол төр засаг оршин тогтнох аргагүй тул зарим тохиолдолд хүч хэрэглэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй гэв. Орос улсын ерөнхийлөгч АНУ-ын цэргийн баазыг Киргизд байлгахыг эсэргүүцсэнгүй. Гэхдээ ийм объект тэнд байнга орших ёсгүй гэж тэр үзэж байна. Афганистанд кампанит ажил эхлүүлэх үеэр энэ цэргийн баазыг Киргизд байгуулахаар шийдэж, терроризмтай тэмцэх ашиг сонирхолын үүднээс Орос улс энэ санааг дэмжсэн юм. Энэ зорилтыг шийдэсний дараа тус бааз үйл ажиллагаагаа дуусгах ёстой. Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай уулзах үеэр хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний тухайд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгуурлах сонирхолтой байгаагаа ерөнхийлөгч илэрхийлэв. Орос-америкийн харилцаанд бий болсон тэр нааштай хандлагыг бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа Д.Медведев хэллээ. Хэдэн жилийн тэртээ хоёр орны харилцаа "хүйтэн дайны" ирмэгт хүрэх дөхөснийг тэрээр мөн сануулав. Гэхдээ сүүлийн үед Орос, АНУ харилцаагаа бүрэн сэргээж, олон улсын хэд хэдэн асуудлаар тодорхой үр дүнд хүрсэн юм. Тухайлбал Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай шинэ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Мексикийн буланд асгарсан нефтийн хор уршгийг арилгахад АНУ-д туслах асуудлыг Орос улс хэлэлцэхэд бэлэн байна гэж ерөнхийлөгч Д.Медведев америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдлаа. Ирээдүйд ийм том хэмжээний ослын хор уршгийг арилгах дэлхийн хууль эрхийн бааз боловсруулах талаар бодох шаардлагатай гэж тэрээр тэмдэглэв. Канадад 6-р сард болох "хорийн" дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудал тухайлбал хохирлыг нөхөн төлөх тухай асуудлыг дэвшүүлнэ гэж Д.Медведев хэллээ. Дэлхийн эдийн засагт бүгдээс их зүйл хамаарна. Тиймээс дэлхийн бүх валют тухайлбал саяхан сорилтой тулгарсан евро тогтвортой байхыг Орос улс сонирхож байна гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Европ тогтвортой байхыг бид их хүсч байна. Нэгдүгээрт Орос улс европын улс юм. Бид Европын Холбооны гишүүн биш ч, европын улс билээ. Хоёрдугаарт алт валютын нөөцөө хэд хэдэн сагсанд хийсэн. Тухайлбал доллар, евро, заримыг фунт стерлингээр, өөр валютыг ч ашиглаж байна. Тиймээс бидний сайн сайхан байдал ч европ тивийн байдлаас хамаарна. Д.Медведев олон улсын хэд хэдэн асуудлыг хөндлөө. Дэлхийн хамтын нийгэмлэг Ирантай харилцаа тогтоож, хүн амд бэрхшээл учруулалгүй дарамт хүртэл үзүүлэх хэрэгтэй гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр мөн илэрхийллээ. Иран цөмийн зэвсэгтэй болбол Ойрх Дорнодод ноцтой асуудал болно гэж ерөнхийлөгч мөн үзэж байна. Өмнөд Солонгосын хөлөг сүйрсэн хэргийг нарийн мөрдөн шалгахаас наана буруутныг шийтгэх тухай ярьж болохгүй гэж Орос улсын төрийн тэргүүн мэдэгдэв. Сөүлд байгаа оросын шинжээчид зөвхөн нэг хувилбарт итгэх бус өөрсдийн илтгэлээ бэлтгэж байгааг тэрээр сануулав. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевээс ерөнхийлөгч асан, өдгөөгийн ерөнхий сайд В.Путинтай ямар харилцаатай талаар асуув. Албан ёсны байр сууринаас тэдний харилцаа өөрчлөгдсөн. Харин хувийн харилцааны тухайд элэгсэг дотно, анд нөхөр хэвээр байгаа гэж тэрээр хэлэв. Д.Медведев сэтгэл санаагаа хэвийн байлгахад амаргүй үе байдаг гэв. Төр засгийн асуудал төдийгүй оросын хөл бөмбөгчид ялагдахад хүртэл гонсойдог болохоо төрийн тэргүүн хэлсэн юм.