0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Петербургийн олон улсын эдийн засгийн 14 дэх форумыг өнөөдөр албан ёсоор нээлээ. Энэ жил оросын эдийн засгийн өсөлт 4 хувьтай бөгөөд эдийн засгийн таатай нөхцөлд Орос улс татварын ачааллыг бууруулах асуудлыг хөндөхөд бэлэн байна гэж мэндчилгээндээ тэмдэглэв. Өнөө үед хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх нь улс орны удирдлагын гол зорилт хэмээн тэрээр мэдэгдэв. Хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх нь оросын эдийн засгийг хөгжүүлж, шинэчлэхэд шийдвэрлэх хүчин зүйлийн нэг байна гэж Д.Медведев хэллээ. Орос улс ДХБ, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад элсэхэд бэлэн бөгөөд энэ нь Орос, Казахстан, Белорус улс Гаалийн холбоо байгуулахад саад болохгүй гэж Д.Медведев тэмдэглэв. Энэ чиглэл хоорондоо зөрчилдөх бус бие биенээ нөхөж байна гэж орос улсын төрийн тэргүүн тэмдэглэсэн байна. Форумын хүрээнд Орос улсын ерөнхийлөгч төрийн тэргүүн, нэрд гарсан эрдэмтэн, банкны нийгэмлэгийн төлөөлөгч, олон улсын томоохон байгууллагын удирдлагатай уулзана.