Петербургийн олон улсын эдийн засгийн форум 6-р сарын 17-нд эхэллээ. Орос, гадаадын бизнесийг нэгтгэх энэ нэр хүндтэй форумыг швейцарийн Давос хотод болсон Дэлхийн эдийн засгийн форумтай дүйцүүлэн "оросын Давос" хэмээн нэрлэдэг. Форумын түүх 1997 оноос эхтэй. Тухайн үед гадаадын болон оросын төр засаг, бизнесийн төлөөлөгчид дэлхийн эдийн засаг, түншийн харилцааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэхээр Санкт-Петербург хотод анх цугласан юм. Дараагийн жил форум олон улсын статустай болж, гурван жилийн дараа ТУХН-ийн орнуудын эдийн засгийн гол форум хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Форумын үеэр ажил хэргийн холбоо тогтоогоод зогсохгүй дэлхийн эдийн засаг, геополитикийн хөгжлийн арга замыг хараат бусаар хэлэлцэх нь форумын үндсэн зорилт хэмээн зохион байгуулагчид, оролцогчид үзэж байна. Форумын ажилд янз бүрийн орны парламент, засгийн газрын тэргүүн, төр засгийн тэргүүн нар оролцдог уламжлалтай. Францын ерөнхийлөгч Николя Саркози, Армен, Азербайжан, бусад орны тэргүүн нар энэ жил форумд хүндэт зочноор оролцож байна. Петербургийн олон улсын эдийн засгийн форумын ач холбогдлыг үнэлэхэд төвөгтэй. Үүний тусламжтай улс орон дэлхийн эдийн засагт илүү идэвхтэй нэгдэж, нэр хүнд, хөрөнгө оруулалтын орчноо дээшлүүлж байна. Хямарлын уршгаар өнгөрсөн жил тус форумд оролцогчдын тоо 2008 оныхоос цөөрсөн ч, форумын ажлын үеэр хэдэн тэрбум доллароор тоологдох гэрээ хэлэлцээр байгуулсан юм. Энэ удаагийн форум ер бусын бүтэцтэй болж байна гэж Улсын Думын эдийн засгийн бодлого, бизнесийн асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Владимир Головнев "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглэв. Асар их ач холбогдолтой гол форум болж байгаа Олон улсын залуучуудын эдийн засгийн форум 6-р сарын 16-17-нд боллоо. Улс орон нэг талаас уналтаас гарсныг бид сайн ойлгож байна. Гэхдээ хямарал дэлхийн хамтын нийгэмлэгт үргэлжилж байна. Дэлхийд болдог үйл явдлыг форумаас харж байна. Орос, гадаадын компаниуд хэрхэн оршин тогтнож байгааг ойлгож, санал солилцох боломж байна. Бид үнэхээр эдийн засгаа шинээр өөрчлөхөд төр засаг ямар жор санал болгож байгааг сонсох боломжтой. Хууль тогтоогчид бид эрч хүч авч, хожим хуулийн төсөлд тусгах зөвлөлгөө сонсч, туршлага солилцож байна. Форум 2006 оноос "Ленэкспо" үзэсгэлэнгийн томоохон цогцолборт болж байна. Энэ их зөв сонголт хэмээн цогцолборын ерөнхий захирал Сергей Алексеев үзэж байна. Ленэкспо үзэсгэлэнгийн цогцолборт бараа бүтээгдэхүүнээ толилуулах хэсэг, янз бүрийн чуулган, хэлэлцүүлэг явуулах танхимаас гадна тэнгисээр хүрээлсэн, усан дээр байдаг Орос улсын цорын ганц цогцолбор тул форумд оролцогчдын сонирхолыг татдаг. Эндээс холгүй Петр хааны ордон, Константиновын ордон, Стрельны оршдог. Хүмүүс мэдлэгээ зузаатгаж, чухал, сонирхолтой хүмүүстэй уулзахаас гадна соёлын томоохон хөтөлбөрт оролцож, сэтгэл хангалуун байна гэж найдаж байна.  Петербургийн олон улсын эдийн засгийн форумын ажлын эхний өдөр олон улсын хамтын ажиллагааны цогц чиглэлийг хэлэлцэнэ. Тухайлбал дэлхийн хямарлын хор уршгийг арилгахад  Орос Европын Холбоо, АНУ, Энэтхэг улстай хамтран ажиллах, эрчим хүч, инноваци, хөрөнгө оруулалтын салбарт түншийн харилцааг нэмэгдүүлэх зэрэг юм. Орчин үеийн Орос улсын томоохон төслийн нэг "Сколково" инновацийн төв, мөн Москва хотод олон улсын санхүүгийн төв байгуулах тухайд гадаадын хөрөнгө оруулалтын томоохон компанийг оролцуулах тухай цогц асуудал байна. Оросын төр засаг, бизнесийн салбарынхан энэ замд шинэ, найдвартай түнш олно гэж найдаж байна.