0Киргиз хүмүүнлэгийн тусламж авч байна. Оросын Онц байдлын яамны нисэх онгоц 130 орчим тонн ачааг Оросоос Бишкект хүргэлээ. Эм, хүнсний бүтээгдэхүүн, нэн шаардлагатай эд зүйл байна. Олон улсын байгууллагын мэдээлснээр Ош хотод болсон үйл явдлын үеэр янз бүрийн үндэстэн 200 мянга гаруй хүн тус бүгд найрамдах улсаас дүрвэжээ. Дайжсан хүмүүс орон сууц, ажил, өмч хөрөнгөө бүгдийг орхисон байна. Үүний зэрэгцээ хууль сахиулах байгууллага саяхан Ош хотод болсон цус урсгасан мөргөлдөөнийг мөрдөн шалгаж эхэлжээ. Ерөнхийлөгч асан Курманбек Бакиевын хүрээнийхэн эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан буруутан гэж төр засаг үзэж байна. Үймээн дэгдээсэн хүмүүсийг илрүүлж, хариуцлага ногдуулна гэж тэд амлав. Сүүлийн үеийн мэдээгээр үндэстэн хоорондын мөргөлдөөний үеэр 200 орчим хүн амь насаа алджээ. Түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаевын ярьснаар үнэн хэрэгтээ энэ тоо хэд дахин их байгаа аж. Улс орны байдал ерөнхийдөө тайван байна. Бүх зүйлд хурцадмал байдал мэдрэгдэж байна. Киргизийн нийслэл Бишкект зэвсэгт өдөөн хатгалгад бэлтгэж байгаа тухай цуурхалын дараа төр засаг хотын шалган нэвтрүүлэх бүх цэгийн үйл ажиллагааг бэхжүүлжээ.