Киргизийн өмнөд нутагт олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн тус улсад гурван өдөр гашуудал зарлалаа. Тус улсад төрийн далбааг бөхийлгөж, зугаа цэнгээний бүх арга хэмжээг хойшлуулжээ. Мужийн төв Ош болон Жалал-Абад хотод 6-р сарын 11-15-нд үндэстэн хоорондын мөргөлдөөн болсон юм. Киргизийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр олон нийтийг хамарсан үймээний үеэр 180 орчим хүн амь насаа алдаж, 1800 гаруй хүнд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй. Учир нь лалын шашны дэг жаягаар нас барсан хүнийг тэр өдөрт нь оршуулдаг заншилтай. Энэ үеэр амь үрэгдсэн хүнийг эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэлгүй оршуулсан байж болзошгүй юм. Ош болон Жалал-Абад хотын зарим хэсэг сүйрсэн байна. Олон дэлгүүр, захыг түйвээжээ. Нутгийн өмнөд хэсэгт хүнс, ундны ус хомсдож байна. Үндсэндээ узбек үндэстнүүд дүрвэж байна. НҮБ-ын мэдээгээр 100 мянга орчим хүн дүрвэжээ. Өнөөгийн байдлаар Киргизийн өмнөд хэсэгт байдал намжсан байна. Тэнд Батлан хамгаалах яамны нэмэлт хүчин, Дотоод хэргийн яам, сайн дурын отрядыг илгээжээ. Иргэдийн аюулгүй байдал эсвэл амь насанд нь аюул нүүрлэсэн тохиолдолд зэвсэг ашиглахыг цэрэг, цагдаагийнханд зөвшөөрсөн байна. Байдал дорвитой өөрчлөгдсөн тухай хараахан ярих аргагүй. Байдал нэн тогтворгүй, тэсрэх аюултай байна. Хэрэв хүчирхийлэл үргэлжилж, тус улсын өмнөд хэсгээс халивал, зөрчил бүс нутаг буюу дундад азийн хэмжээнд өргөжиж магадгүй. Тиймээс Киргиз болон хилийн чанадад тус улсад энхийг сахиулах хүчин илгээх асуудлыг хэлэлцэж байна. Тухайлбал Киргизийн хууль сахиулах байгууллага энхийг сахиулах хүчнийг нутгийн өмнөд хэсэгт оруулахыг Орос улсаас хүсчээ. Хямарлын бүст Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага эсвэл ШХАБ-ын энхийг сахиулах хүчнийг оруулах талаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн мэдэгдэж байсан Киргизийн түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева өмнө нь ийм хүсэлт гаргаж байсан юм. Бусад хүч чармайлтаас нааштай үр дүн гарахгүй бол, эцсийн энэ арга хэрэгслийг хэрэгжүүлнэ гэж ТУХН-ийн орнуудын Хүрээлэнгийн дэд захирал Владимир Жарихин хэллээ. Болж байгаа бүхэн зөвхөн Киргиз төдийгүй хөрш оронд хамаатай. Тиймээс зөрчлийг таслан зогсооход шаардлагатай бүхнийг хийх хэрэгтэй. Үүнийг зогсоох арга сонгоход их амаргүй байна. Киргиз, узбек үндэстнүүд холилдон суудаг бүс нутагт үндэстэн хоорондын мөргөлдөөн болсон. Тэднийг хооронд нь заагласан шугам гэж үгүй. Энэ мэт зөрчлийн туршлагаас харахад энхийг сахиулах хүчин ийм тохиолдолд сөргөлдөгч талуудыг үр нөлөөтэй зааглах аргагүй байдаг.  Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд энхийг сахиулах хүчний тухай асуудал хэвээр үлдэнэ. Одоохондоо киргизийн талд тусламж үзүүлэх тухайд их анхаарч байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр Киргизийн үйл явдлын талаар "Оросын дуу хоолой" радиогийн сурвалжлагчийн асуултанд тодорхой хариулсан юм. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага Киргизд дэмжлэг үзүүлж байна. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын суурь баримт бичигт заасан журамд түшиглэн энэ бүхнийг хийж байна. Баримт бичигт зааснаар холбогдох улс хүсэлт гаргасан байх, энэ хүсэлтэд хариу өгөх шийдвэр гаргахад санал нэг байх шаардлагатай юм. Хамтын аюулгүй байдлын Зөвлөлийн дарга, ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн даалгавраар Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын гишүүн бүх орон үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын түвшинд онц хурал хийсэн юм. Энэ хурлаар Киргизийн талын хүсэлтийн хариуд Киргизийн хууль сахиулах байгууллага эмх замбараагүй байдлын эсрэг илүү үр нөлөөтэй тэмцэж, улс орны байдлыг тогтворжуулахад материал-техникийн тусламж үзүүлэх тодорхой шийдвэр гаргажээ.  Үүний зэрэгцээ Киргизд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Даваа гаригт Москвагаас Бишкект түлш, хүнс, эм, зайлшгүй шаардлагатай зүйлийг онгоцоор хүргэжээ. Орос улсын Онц байдлын яамны тээврийн 6 нисэх онгоц 42 тонн хүмүүнлэгийн бараа хүргэсэн байна.