"Монголын орос хэлний багш нар энэ хэлийг сайн мэддэг төдийгүй, маш сайн эзэмшсэн байдаг" гэж Москвагийн улсын их сургуулийн Олон улсын боловсролын төвийн дэд захирал Вера Степаненко саяхан монгол улсын нийслэлд өндөрлөсөн Азийн орнуудын орос судлаач, орос хэлний багш нарын олон улсын форумд оролцогчдын талаар ийнхүү ярьсан юм. "Орос хэл" Холбооны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Москвагийн улсын их сургуулийн төв энэ форумыг гурав дахь удаа зохион байгуулж байна. Эхний хоёр форум Испани, Египетэд болсон юм. Орос хэлийг гадаад хэлний хувьд заах талбарт одоо хийж байгаа бүх ажлыг бид монголын ажил нэгт нөхөддөө танилцуулахыг хичээсэн гэж Вера Степаненко ярьж байна. Москвагийн улсын их сургуулийн Олон улсын боловсролын төвийн  шинжлэх ухааны доктор, дэд эрдэмтэд орос хэлний орчин үеийн байдал, түүнийг заах арга зүй, оросын тестийн системийн талаар өгүүлж, шинэ сурах бичгийг танилцуулав. Форумын үеэр орос хэл судлах арга зүйн сурах бичгийн үзэсгэлэн гарч, төгсгөлд нь номоо монгол багш, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвийн орос хэлний төвд бэлэглэсэн юм. Форумд Монгол, Орос, Вьетнам, Индонез зэрэг орны 100 гаруй эрдэмтэн оролцсон юм. Форумд оролцогч 50 орчим хүн орос хэлээр илтгэл тавьсан байна. Москвагийн зочид орос хэлний мэдлэг өндөр түвшинд байгааг тэмдэглэв. Монгол улсад орос хэл, уран зохиолын багш нарын маш хүчтэй, холбоо идэвхтэй ажилладагийг тэмдэглэхэд таатай байна гэж Вера Степаненко хэллээ. Дэлхийд нэрд гарсан эрдэмтэн Галсаны тэргүүлдэг энэ байгууллагатай бид нягт холбоотой ажилладаг. Галсан гуай форумын үеэр хэл шинжлэлийн талаар гайхалтай илтгэл тавьсан. Хэл бичгийн ухааны доктор, хатагтай Саранцацралтын илтгэл их сонирхолтой байв. Тэрээр Монгол улсад орос хэл судалж байгаа талаар социологийн дүр зургийг танилцууллаа. Саранцацралт дэд эрдэмтэн, докторын диссертациа Москвагийн улсын их сургуульд хамгаалсан юм. Түүнд саяхан ОХУ-ын тэргүүлэх их сургуулийн хүндэт профессор цолыг олгосон билээ. Ойрын үед түүнийг орос улсын нийслэлд ирэхийг хүлээж байна.  Москвагийн улсын их сургуулийн Олон улсын боловсролын төвийн мэргэжилтнүүд Монголын орос судлаач, ажил нэгт нөхөдтэй энэ жил хамгийн сүүлчийн удаа ийнхүү уулзлаа. Тэд "Оросын ертөнц" сангийн дэмжлэгээр дахин нэг форум явуулах бодолтой байна. Орос, монголын орос судлаачдад хэлэлцэх асуудал байна. Тухайлбал монголын дунд сургуульд орос хэлний сурах бичиг хүрэлцэхгүй байгаа, монгол багш нарыг Орос улсад дадлага хийлгэх зэрэг асуудал юм. Монголын орос судлаачид орос хэлний өмнөх байр суурийг сэргээх бодолтой байна.