Киргизд урьдын адил хурцадмал байна. Сүүлийн үеийн мэдээгээр үндэстэн хоорондын мөргөлдөөний үеэр 170 хүн үрэгджээ. Бараг 2000 орчим хүн гэмтэж бэртсэн байна. Энэ албан ёсны мэдээ, харин албан бус мэдээгээр үүнээс ч олон хүн хохирсон байна. Нутгийн өмнөд хэсгийн мужийн төв Ош хотод 6-р сарын 11-ий шөнө Киргизийн өмнөд хэсгийн хүн амын тал хувь нь болох үндэстний цөөнх үзбек болон киргиз үндэстний хооронд мөргөлдөөн гарч, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал дэгдсэн юм. Дараагийн өдөр эмх замбараагүй байдал Жалал-Абад мужид дэгдсэн байна. Киргизийн засаг захиргаа мөргөлдөөний бүст онц байдал зарлаж, хөл хорьжээ. Ош болон Жалал-Абад мужийн байдлыг тогтворжуулахад батлан хамгаалах, Дотоод Хэргийн Яам, Дотоодын цэргийн нэмэлт хүчин, мөн хүчний байгууллагын ахмад дайчид, сайн дурынхны отрядыг илгээжээ. Энгийн иргэдийн аюулгүй байдал, эсвэл амь насанд нь заналхийлсэн тохиолдолд цэрэг, цагдаагийнханд зэвсэг ашиглахыг зөвшөөрчээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Киргизийн хүчирхийллийг буруушаасан байна. Хаалттай онц хуралдааны үеэр дипломатчид цус урсгахыг нэн даруй зогсоож, тус бүгд найрамдах улсад хүмүүнлэгийн тусламж хүргэх гарц гаргахыг уриалжээ. Бүс нутгийн хөрш орнууд Киргизийн байдалд түгшиж байна. Армени, Белорус, Казахстан, Орос, Тажикистан, Узбекистан, Киргиз улс багтдаг Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын аюлгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар тус бүгд найрамдах улсын байдлыг тогтворжуулах арга хэмжээний төсөл боловсруулжээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа, ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев нарыг Кремльд хүлээн авч уулзахдаа, Киргизийн байдлыг байж болохгүй гэж нэрлэлээ. Одоо нөхцөл байдал үнэхээр тэвчих аргагүй байна. Хүмүүс үрэгдэж, цус урсгаж, үндэстний хөрсөн дээр олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал дэгдсэн нь төв Азид нэн аюултай билээ. Тиймээс энэ мэт үйлдлийг таслан зогсооход бүх арга хэмжээ авах ёстой юм. Хуулийн дагуу гэхдээ хатуухан арга хэмжээ авах хэрэгтэй. Тус бүгд найрамдах улсын төрийн тэргүүн, мөн засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Роза Отунбаевад би энэ тухай хэлсэн. Мэдээж хэрэг энэ асуудлыг шийдэхэд тэдэнд туслах хэрэгтэй. Та бүхний санал болгосон хариу арга хэмжээг боловсруулсан. Одоо Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын гишүүн орны төрийн тэргүүн нар шийдвэр гаргах ёстой. Үүнтэй холбогдуулан Д.Медведев Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын гишүүн орны төрийн тэргүүн нарын шуурхай хурлыг зарлан хуралдуулахыг үгүйсгээгүй. Киргизийн шилжилтийн үеийн ерөнхийлөгч Роза Отунбаева өчигдөр тус бүгд найрамдах улс нөхцөл байдлыг дангаараа зохицуулах аргагүй тул Орос улсаас цэргийн тусламж хүссэн байна. Энэ тохиолдолд энэхүү хүсэлт нь хуулинд нийцэж байгаа эсэх ноцтой асуудал урган гарч байна гэж Оросын нэрд гарсан хуульч-олон улсын сэтгүүлч Сергей Максимов манай радио станцад өгсөн ярилцлагадаа дурдав.  Тусламж үзүүлэх шийдвэр гаргахад энэ давагдашгүй саад тотгор болно гэж би бодохгүй байна. Киргиз улс тохиолдлорр Орос улсаас ийнхүү хүссэн гэж бодохгүй байна. Тус бүгд найрамдах улсын хүн амын олонх нь орос хэлээр ярьдаг учраас тэр биш юм. Мөн улс орны энх тайван тогтооход зэвсэгт хүчнээ илгээж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн улс орон дэлхийд төдий л их биш. Энэ тодорхой тохиолдолд хязгаарлагдмал тооны цэргийн тухай ярьж байна. Мөргөлдөгч хоёр үндэстнийг салгахад л хангалттай тооны эрэг байх хэрэгтэй. Энэ хугацаанд эдийн засаг, улс төр, мөн мөргөлдөөнийг зохицуулах шинжтэй бусад арга хэмжээ авах нөхцөл бүрдэх учиртай юм.  Одоохондоо Орос улс Киргизд байгаа 150 десантаас гадна мөн тооны цэрэг илгээгээд байна. Цэргүүд оросын цэргийн халбан хаагчдын гэр бүлийн аюулгүй байдлыг хамгаалж, Киргизд олныг хамарсан үймээн дэгдсэнтэй холбогдуулан оросын Кант цэргийн баазын объектыг хамгаалах үүрэгтэй. Энхийг сахиулагчид илгээх асуудлыг Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын төрийн тэргүүн нарын түвшинд шийдэнэ.