Уран баяжуулах ажлаа зогсоохыг хүсэхгуй байгаа Иран улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тогтоолыг НҮБ-ийн АЗ, лхагва гаригт баталлаа. Энэ тогтоолыг батлахыг АЗ-ийн 12 улс дэмжиж, Түрк, Бразил хоёр улс татгалзаж, Ливан улс түдгэлзсэн байна. АНУ-ын санал болгосон төсөл дээр түшиглэсэн энэ тогтоолыг, ираны атомын асуудлыг зохицуулахад оролцож байгаа зуучлагч «зургаа» Орос, АНУ, Хятад, Франц, Их Британ, Герман улсууд болон АЗ-ийн байнгын бус гишүүн улсуудын саналыг харгалзан үзэж баталсан юм. Энэ баримт бичигт, Иран улстай хийх санхүүгийн хамтын ажиллагааг хязгаарлах, тэр тусмаа ираны банк, даатгалын компануудтай харилцахыг хориглоно гэж заажээ. Шинээр авсан хориг арга хэмжээнд, ираны 40 компан, байгууллага орсон бөгөөд Исламын хувьсгалыг хамгаалах корпустай холбоотой бүх компанууд оржээ. Тогтоолд, Иранд зэвсэг нийлүүлэхэд тавих НҮБ-ийн хяналтыг өргөжүүлсэн байна. Мөн БНАСАУ-ын эсрэг авсан худалдаанд хяналт тавих горимыг Иран улсын эсрэг авахыг уриалсан байна. Ирантай хэлэлцээр хийхэд бэлэн байгааг батлаж, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх асуудалд анхааралаа төвлөрүүлэхэд тогтоолын мөн чанар оршиж байна гэж зуучлагч «зургаа» үзэж байна. Тогтоолын эх бичийг зохиосон АНУ хүртэл ирантай хэлэлцээр хийхэд урьдын адил бэлэн байна гэж мэдэгдсээр байна. Энэ баримт бичгийн мөн чанар нь ираны талыг хамтын ажиллагаанд уриалахад оршиж байна гэж Москвад үзэж байна. НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин энэ тухай мэдэгдлээ: Орос улс эхлээд «зургаа»-ын хүрээнд, дараа нь АЗ-ийн бүрэн бүрэлдхүүний хүрээнд энэ тогтоолын агуулга дээр нягт ажилласан билээ. Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх горимд аюул учруулж мэдэх Ираны үйл ажиллагааг энэ баримт бичигт тодорхой заасан гэж үзэж байна. Энэ тогтоолын агуулга нь ираны ард түмний сайн сайхан амьдралын эсрэг чиглэгдээгуй. Одоогийн энэ нөхцөл байдлаас гарахын тулд жинхэнэ хэлэлцээрт шилжих хэрэгтэй гэдэг дохиог Иран улсад дахиад өгч байгааг энэ тогтоол харууллаа гэж тэр хэллээ. Хятад улс мөн ийм байр суурьтай байна. Ираны цөмийн зэвсгийн асуудлыг шийдэхдээ зөвхөн хэлэлцээр, яриа хэлэлцээний арга барилыг хэрэглэх хэрэгтэй гэж тус улс үзэж байна. ЕХ-ны зарим улсын төрийн тэргүүнүүд дараа долоо хоногт, ираны эсрэг нэмэлт улам хүчтэй хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэхээр шийдсэн байна. Хүчтэй хориг гэдэг нь ираны банк, даатгалын компанууд, тээврийн салбарт шинээр хориг арга хэмжээ авахыг хэлж байна.  НҮБ-ийн АЗ-ийн, ираны эсрэг одоо аваад байгаа хоригоос илүү хатуу арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэхээс Москва түдгэлзэж байна. Батлан хамгаалах болон гадаад улс төрийн бодлогын зөвлөлийн гишүүн Владимир Аверчев манай радиод өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгдлээ Мэдээ алдуулах хориг нь талуудыг хатуу сөргөлдөөнд хүргэх аюултай. Ираны одоогийг нөхцөл байдал болон тууний удирдлагын нэр хүндийг   харгалзан үзвэл, хатуу, харилцан буулт хийхгүй дарамтанд тэднийг оруулна гэж бодох нь алдаатай болно. Энэ хориг нь хэлэлцээрийн харилцан буулт хийх замыг эрж хайх дипломат арга барилыг үргэлжлүүлэхэд  саад тотгор болох ёсгүй. Мэдээж хэрэг НҮБ-ийн АЗ-ийн шинэ тогтоолын талаар Иран улс эрс эсэргүүцсэн мэдэгдэл хийлээ. Энэ тогтоолыг ам арчсан цаас шиг хогын саванд хийх хэрэгтэй гэж ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад хэллээ. МАГАТЭ-д суугаа Иран улсын төлөөлөгч Али Асгар Солтанийе, манай улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах бодолгүй байна гэж мэдэгдлээ.Дэлхийн хамтын нийгэмлэг, Тегераныг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг шаардаагүй бөгөөд цэргийн зорилгоор ашиглаагүй гэдгээ батлаж бусдад нээлттэй байлгахыг л шаардаж байгаа юм.