0 Киргизийн түр засгийн газар Орос улсаас энхийг сахиулахад тусламж хүсчээ. Үндэстэн хоорондын зөрчлөөс олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг түр засгийн газар дангаараа товхинуулах аргагүй болохоо бараг хүлээн зөвшөөрлөө. Өчигдөр нийслэл Бишкект эмх замбараагүй байдал дэгдлээ. Бишкекээс өмнө зүгт 600 км зайд орших Киргизийн мужийн төв Ош хотод байдал нэлээд хүнд байна. Тэнд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал хэд хоног дараалан үргэлжилж, байшин, барилга галдан шатааж байна. Албан ёсны мэдээгээр 60 гаруй хүн үрэгдэж, 800 орчим хүн шархаджээ. Цэрэг, цагдаагийнхан байдлыг хянаж чадахгүй байна. Хоногийн турш олон хүн Ош хотын хилийн отрядыг дайрч, тэнд байгаа зэвсгийг авахыг оролджээ. Төр засгийнхан мөргөлдөөнийг дарахын тулд ДХЯ-ны нэмэлт анги нэгтгэл, хууль сахиулах байгууллагад ажиллаж байсан цэргийн ажилтнууд, афганы дайнд оролцогч офицеруудаас бүрдсэн сайн дурынхныг тийш илгээж байна.