Бүгд найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод 7-р сарын эхэнд дэлхийд өөр хаана ч байхгүй театр нээнэ. Төв Азийн нүүдэлчин ард түмний сууц гэрт театр байрлана. Залуу найруулагч Олег Юмовын байгуулсан энэ театр "Буриад-монголын нүүдлийн гэр-театр буюу "Нүүдэлчин" нэртэй юм. Олег дөнгөж 28 настай ч, түүнийг Оросын театрын хүрээнийхэн андахгүй. Нэр хүндтэй Театр урлагийн улсын дээд сургуулийг /ГИТИС/ дүүргэсэн тэрбээр Москва, Красноярск, Улаан-Үд хотод жүжиг тавьжээ. Залуу найруулагчийн нууц нэр Олег Юмов. Тэрээр орос-монголын хилд орших буриадын Ноёхон тосгонд төрсөн монгол үндэстэн юм. Эцэг эх нь түүнд Нүдээ хэмээх нэр хайрлажээ. Олег Юмов оюутан байхдаа нүүдлийн театр байгуулахаар шийдэж, курсын ажлаа энэ сэдвээр бичиж байжээ. Гэхдээ зөвхөн энэ жил мөрөөдлөө биелүүлсэн байна. Юмовоос таван насаар ах, Бүгд найрамдах буриад улсын Соёлын сайд Тимур Цыбиков нүүдлийн театр байгуулах түүний санааг дэмжжээ.  Орос улсын бусад бүс нутгийн адилаар жижиг ард түмэн оршин суудаг  Буриадад өдгөө үндэсний угсаатны онцлогийг өргөн ашиглаж байгаа хэмээн Олег Юмов ярив. Ахуй, хувцас хунарт энэ онцлог харагддаг. Манайд гэр кафе, зоогийн газар олон бий. Нүүдлийн соёлтой буриад үндэстэнд нүүдлийн гэр театр энгийн зүйл юм. Улаан-Үд хотын Өвөрбайгалийн ард түмний угсаатны музейн нутаг дэвсгэрт 150 хүн багтах "Нүүдэлчин" театрын ер бусын гэрийг барьжээ. Гэрийн голч 16 метр, 200 ам метр талбайтай юм. Нэрд гарсан уран гартан Семен Суворовын бүтээсэн гэрийн барилгын төсөл ч Буридын хувьд онцгой билээ. Энэ гэрийг энгийн гэрийн адил барьж, буулгадаг тул нэг газраас нөгөө газар төвөггүй нүүдлэн барих боломжтой. Гэр театрт уламжлалт тайз гэж үгүй. Жүжгийн утга санаанаас хамааран тайз, чимэглэлийг засна. Театрын анхны жүжиг "Онтохон одхондоо"- "Үлгэр үлгэр"-ийг хивсэн дээр тоглоно. Энэ жүжгийг 7-р сарын 7-11-нд үзэгчдэд толилуулна. Бүгдэд ойр, ойлгомжтой жанр үлгэрээс бид уран бүтээлээ эхэлж байна гэж Олег Юмов ярив. Бид буриад ард түмний үлгэрээс хошин, сонирхолтойг нь сонгохыг хичээсэн. Буриадын Драмын театр, "Үлгэр" хүүхэлдэйн театрын жүжигчин, буриадын бүжгийн хамтлагийн гоцлол уран бүтээлчид энэ жүжигт тоглоно. Үүнээс гадна кино жүжигчин, хөгжимчин хөөмийч Баир Жалсановыг Москвагаас жич урьсан юм.  Төслийн зохиогч Олег Юмовын санаагаар "Нүүдэлчин" театр өнгөрсөн үеийн домог, түүх, мөн цагтаа гэрт туулидаг байсан буриадын үлгэрийг буриадаар сонсч, харах боломжтой газар байна. Театр зөвхөн ардын урлагаар хязгаарлагдахгүй байхыг үгүйсгэхгүй. Буриад хэлээр 6-7 жүжиг тавьж урын сангийн үндсийг тавьсны дараа Юмов, нөхдийн хамт монгол, япон, хятад зэрэг орны азийн сонгодог бүтээлийг буриад хэлээр тавихаар зэхэж байна. Цаг хугацаа бүхнийг харуулна.