Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийн арга хэмжээний асуудлаарх Зөвлөлгөөний гишүүн орнууд эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулах ёстой гэж ОХУ-ын ерөнхий сайд В.Путин мэдэгдэв. “Манай эдийн засгийн ерөнхий орон зай байгуулах, эдийн засгийг шинэчлэх, аж үйлдвэрийн хил орчмын хамтын ажиллагаа, тээврийн шинэ маршрут байгуулах, дээд зэргийн технологийн цогцолбор, эрчим хүчний зангилаа зэргийг үндэслэлтэй байгуулах цаг болсон гэж үзэж байна ” хэмээн ерөнхий сайд Стамбул хотод мягмар гаригт эхэлсэн Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийн арга хэмжээний асуудлаарх Зөвлөлгөөний үеэр хэллээ. “Хөх урсгал”, “Өмнөд урсгал” эсвэл “Самсун-Жейхан” зэрэг харилцан хамаарал, ойлголцолд түшиглэсэн өргөн хүрээтэй хоолойн төсөл үл итгэх саад тотгорыг арилгаж, бүс нутгийн төдийгүй дэлхийг хамарсан эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлж байна гэж Орос улсын ерөнхий сайд хэллээ. “Хөх урсгал” хийн хоолой олон жил амжилттай ажиллаж байна. Оросын хийг Ойрх Дорнод, Израиь болон бусад оронд нийлүүлэх боломж бүрдүүлэх “Хөх урсгал-2” төсөл хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах талаар Орос, Турк улс өнгөрсөн оны 3-р сард тохиролцсон юм. Үүнээс гадна Анкара Новоросийскаас Болгарын Варна боомт хүртэл Хар тэнгисийн ёроолоор “Өмнөд Урсгал” хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрийн усанд тавихыг өнгөрсөн оны 11-р сард зөвшөөрсөн юм. Тэнгисийн талбайн хүчин чадал жилд 63 тэрбум шоо метр байх хоолойгоор хэтдээ оросын хийн 35 орчим хувийг Европт экспортолно. Жилд 60-70 сая тонн нефть нийлүүлэх хүчин чадалтай “Самсун-Жейхан” нефть хоолой барихаар тохиролцсон юм. Үүнийг Босфор болон Дарданеллын хоолойг тойруулан байгуулна. Энэ төслийн хүрээнд Орос, Турк улс Жейханд нефть боловсруулах үйлдвэр барих боломжийг хэлэлцэж байна. Азербайжан, Афганистан, Египет, Энэтхэг, Иран, Израиль, Иордан, Казахстан, Хятад, Киргиз, Монгол, Арабын нэгдсэн Эмирт улс, Палестин, Пакистан, Орос улс, Тажикистан, Таиланд, Турк, Узбекистан, Бүгд Найрамдах Солонгос улс зэрэг 20 орон өнөөгийн байдлаар Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийн арга хэмжээний асуудлаарх Зөвлөлгөөний гишүүн юм. Харин АНУ, Япон, Украин, Вьетнам, Индонез, Малайз, Катар, мөн НҮБ, Арабын лигийн орнууд, Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд ажиглагчийн статустай. Саудын Арави, Бангладеш улс ажиглагчийн статустай болох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.