Мансууруулах бодисны эсрэг эвслийг Орос улс тэргүүлэхэд бэлэн байна. Энэ тухай, Мансууруулах бодисны эргэлтэнд хяналт тавих холбооны албаны тэргүүн «Российская газета» сонинд мэдээллээ. Москвад 6-р сарын 9-10-нд болох «Афганы мансууруулах бодисны үйлдвэрлэл-дэлхийн хамтын нийгэмлэгт тулгарсан аюул» олон улсын форумын өмнөхөн Виктор Ивановын ярилцлага хэвлэгдэн гарлаа. Өнөөдөр Афганистан дангаараа үйлдвэрлэж байгаа хэмжээний героиноос хоёр дахин бага героиныг дэлхийд 10 жилийн өмнө үйлдвэрлэж байсан билээ. Өнгөрсөн жил хар тамхины хэрэглээгээрээ ЕХ дэлхийд тэргүүн байрт орлоо. ЕХ-нд жил бур мансууруулах бодисноос болж 10000 хүн амь насаа алдаж байна. Орос улс энэ «хар цэсийн» 2-рт бичигдэж байгаа ч хар тамхинаас болж амиа алдаж байгаа хүмүүсийн тоогоороо ЕХ-ноос илүү байна. Хамгийн багаар авч үзэхэд 30 мянган хүн жил амь насаа алдаж байна, эдний ихэнх нь залуу хүмүүс байна гэж Виктор Иванов тэмдэглэлээ. Үүнээс үзэхэд Орос улс афганы мансууруулах бодисны үйлдвэрлэлийн жинхэнэ хохирогч нь болж байна. Ийм учраас Орос улс, мансууруулах бодисны эсрэг эвслийн хүрээнд энэ аюулыг устгах дэлхийн хөдөлгөөнийг толгойлох ёстой. Үнэнийг хэлэхэд мансууруулах бодисны аюул, ХХ1 зууны хурц асуудлуудын нэг болоод байна. Энэ нь ХХ зуунд болсон Дэлхийн 2-р дайнтай зүйрлэж болохоор болоод байна. Тийм учраас л ЕХ, НАТО, Орос улсын хамтын хүчин чармайлтаар л энэ асуудлыг шийдэж чадна гэдэгт Виктор Иванов итгэлтэй байна. Мансууруулах бодисны эсрэг тэмцэл нь, алан хядах ажиллагаатай тэмцэхээр афганистанд байрлаж байгаа эвслийн цэргийнхний анхаарлыг сулруулна гэж НАТО эвслийн хүрээнийхэн үзэж байгаа нь том алдаа гэж оросын мансууруулах бодисны эсрэг байгууллагын тэргүүн хэллээ. Харин ч энэ улсад явагдаж байгаа цэрэг дайны ажиллагаа л хар тамхины намуу цэцэг ургуулах таатай нөхцлийг бүрдүүлж өгч байгаа гэж Виктор Иванов үзэж байна. Одоо энэ ажилд афганы 3.5 сая гаруй тариачдыг татан оролцуулаад байгаа бөгөөд тэд үүнийхээ төлөө сохор зоос л авч байна. Мансууруулах бодисны наймаанаас олсон ихэнх мөнгөөр, Афганистанд болон дэлхий дахинд үүрлэсэн алан хядах болон хэт даврах бүлэглэлүүдийг санхүүжүүлж байна. Афганистанаас үүдэлтэй хар тамхины аюултай тэмцэх тов тодорхой арга хэмжээг Орос улс санал болгож байна гэж Виктор Иванов тэмдэглэлээ. Энэ аргуудын нэг нь хар тамхины намуу цэцгийн тариалангын талбайг химийн бодисоор устгах арга юм. Жишээ нь, зэрлэг ургамлыг устгадаг глифосад гэдэг бодис байна. Энэ бодис нь хүний эрүүл мэндэд аюулгүй бөгөөд мансууруулах агууламжтай ургамлын үндсийг устгадаг гэж мансууруулах бодистой тэмцэх оросын байгууллагын тэргүүн нарийн тайлбарлалаа.
Орос улсын саналыг амьдралд хэрэгжүүлэх юм бол афганы мансууруулах бодисны асуудлыг шийдэж болно гэж Дорно дахиныг судаалч Юрий Крупнов үзэж байна: Олон улсын хамтын нийгэмлэгийн өчүүхэн хүчин чармайлтаар энэ асуудлыг 5 жилийн дотор бүрмөсөн шийдэж болно. Виктор Ивановын дэвшүүлсэн энэ төлөвлөгөө нь тов тодорхой арга барилыг агуулж байгаа бөгөөд энэ төлөвлөгөөг дэлхийн хамтын нийгэмлэг бага зэрэг дэмжээд, тойрон нягтрах л хэрэгтэй байна. Комисс байгуулах хэрэгтэй болж ч магадгүй, ингээд 5-хан жилийн дотор л энэ асуудлыг бүрэн шийднэ гэж оросын нэрт дорно дахиныг судлаач үзэж байна. Энэ бүх асуудлыг, Москвад болох олон улсын форум дээр хэлэлцэх болно. Энэ форумд, дэлхийн олон улс орны мансууруулах бодистой тэмцэх болон хууль сахиулах байгууллагуудын тэргүүнүүд, улсын болон улс төрийн зүтгэлтнүүд, нэрт шинжээчид оролцох болно. Дэлхий дахиныг хамарсан мансууруулах бодисны аюул мэт ийм хурц асуудлуудад өгөх олон улсын олон нийтийн үнэлгээнд, энэ нэр хүндтэй форум эргэлт гаргана гэдэг Виктор Иванов итгэлтэй байна.