Палестины Газын секторт зориулсан хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан «Энх тайвны цувааг» Газрын дундад тэнгисийн харьялалгүй усанд Израиль улс саатуулсныг НҮБ-ийн АЗ, ЕХ, Арабын орнуудын лиг, Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл болон Орос орныг оролцуулан дэлхийн олон орон эрс шүүмжилж байна. Энэ далайн дээрмийн ажиллагааг нарийн шалган мөрдөхийг уриалсан боловч олон улсын хууль эрхийг зөрчсөн этгээдийн талаар ямар нэгэн арга хэмжээ одоо болтол аваагүй байна. Хүмүүнлэгийн бараа ачсан «Рейчел Кори» хөлөг онгоцийг бямба гаригт израилчууд дахиад саатуулсан байна. Хүний эрхийг хамгаалагчид болон хөлгийн багын зүгээс эсэргүүцэл үзүүлээгүй учир энэ удаа израилчууд хүч хэрэглэсэнгүй.
Зургаан хөлгөөс бүрдсэн «Энх тайвны цувааг» даваа гаригийн шөнө израилийн тусгай албанынхан саатуулсан билээ. Газын секторт зориулсан хүмүүнлэгийн ачаатай энэ цуваанд 600 орчим хүний эрхийг хамгаалагчид байсан ба тэдний ихэнх нь Турк улсын иргэд юм. Хөлөг онгоцон дээр мөн барууны орнуудын олон төлөөлөгчид байжээ. Дэлхийн ОНХМХ-ийн мэдээлснээр израилийн тусгай ажиллагааны явцад 19 хүн амь үрэгджээ. Израилчууд 9 хүн амь үрэгдсэн гэж батлаж байгаа юм. Хүмүүнлэгийн ачаатай цуваанд израилийн цэргийнхэн халдан довтлож, хүний амь нас хөнөөсөн явдал бол ямарч учир шалтгаангүй, зөвтгөх аргагүй үйл ажиллагаа юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн энэ саналыг дэлхийн улс төрчдийн ихэнх нь хуваалцаж байна. Дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчтэй шахалтын дор Израиль улс арга буюу, хүчирхийлэлийн ажиллагааны явцад баривчилсан хүмүүсийг суллалсан билээ. Израилийн энэ үйл ажиллагаа, Газын секторын бүслэлтийг зогсоохыг шаардах сайхан шалтгаан боллоо. Урьд нь израилийг үг дуугүй дэмжиж байсан тэр улсууд хүртэл энэ шаардлагад нэгдлээ. 2007 онд эхэлсэн энэ бүслэлтийг үг дуугүй зогсоох шаардлагатай гэж орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров мэдэгдээд: Газын сектортэй холбоотой асуудалд анхаарал хандуулахыг дэлхийн хамтын нийгэмлэгт Москва удаа дараа уриалж байсан. Палестины ард түмний эв нэгдэлийгг сэргээх ажил амжилтанд хүрэхгүй, бүслэлт үргэлжилж байгаа энэ нөхцөл байдлыг удаан байлгаж болохгүй гэж Москва мэдэгдэж байсан. Тэгэхдээ энэ нөхцөл байдалд гаднаас нөлөөлөх гэсэн дээ биш. Харамсалтай нь Газын секторын хүн ам ямар хүнд нөхцөл байдалд ороод байгаад, дэлхийн хамтын нийгэмлэг, цус урсгасны дараа л анхаарал хандуулж эхэллээ гэлээ. Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн захирал Виталий Наумкин, манай радио компанд ярилцлага өгөхдөө, бүслэлт ямарч үр дүнд хүрэхгүй гэдгийг тайлбарлалаа: Израилийн хүн амын аюулгүй байдлыг хамгаалахын тулд бүслэлтийг бий болгосон, гэхдээ Газын секторт амьдарч байгаа палестинчуудын наад захын амьдрлын түвшинг хангахгүй, хүний эрхийг хамгаалах шаардлагад огт нийцэхгүй байна. Энэ бүслэлт улс төрийн бодит байдалд ч нийцэхгүй байгаа юм. ХАМАС хөдөлгөөнийг боомилох, хүмүүс энэ хөдөлгөөнийг үл тоох байдалд оруулах гэсэн зорилготойгоор бүслэлт хийх замаар хүмүүст даралт шахалт үзүүлнэ гэж бодож байгаа бол энэ нь бүтэшгүй зүйл. Харин ч энх тайвны цуваатай тохиолдсон явдлын дараа ХАМАСын байр суурь улам бэхжлээ. Палестинчуудын уур хилэн Израилийн эсрэг болоод байна. Энэ байдал өнөөдөр Израйлийн ард түмэнд хэрэгтэй юу? Хүн амын удаан хугацааны аюулгүй байдалд энэ нь таарч байна уу? Харамсалтай нь үгүй. Одоо харин харилцан буулт хийх замыг л хайх хэрэгтэй. Тухайн үедээ израилийн төрийн тэргүүнүүд, израилийн эсрэг зэвсэг барин тулалдаж байсан Ясир Арафат, ФАТХ, Палестиныг чөлөөлөх байгууллагын тэргүүнүүдтэй хэл амаа ололцоод л байсан шүү дээ! Нэг л зүйл тодорхой болоод байна. Энх тайвны цувааг дайрсны дараа Израиль улс, Ойрхи Дорнодын сөргөлдөөнийг устгахын төлөө үнэн сэтгэлээсээ зорьж байгаа гэдгээ, дэлхийн хамтын нийгэмлэгт үнэмшүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй болоод байна. Дорно дахины судалгааны хүрээлэнгийн шинжээч Владимир Ахмедовын саналыг сонсьё: Гадаад улс төрийн бодлогын талаархи үр дагварын хувьд ойрхи дорнодын сөргөлдөөнийг зохицуулах асуудлаархи өөрийнхөө байр суурийг Израиль улс, дэлхийн хамтын нийгэмлэгт тайлбарлахад нилээд хүнд боллоо. Жишээлбэл, үндсэн асуудлаар буулт хийхийг хүсэхгүй байгаа нь палестин, израилийн хэлэлцээрийг саатуулж байна. Шууд бүс хэлэлцээрийг сэргээхээр америкийн зуучлагчдын тавьсан суурь довжоог бусниулаж байна. Хэрвээ тэд хэлэцээрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол Израиль улс ямар нэг байдлаар маневрлах хэрэгтэй болж байна. Ямарч байлаа гэсэн одоогийн нөхцөлд израилчууд ч, палестинчууд ч ямарч сөргөлдөөнөөс зайлсхийх хэрэгтэй. Тэгэхгүй бол бүс нутагт хурцадмал байдал бий болно. Аль, аль талаас гарч болох адал балмад явдлаас болж цус урсах явдал гарч болзошгүй байгааг анхаарах хэрэгтэй!