Жил бүр 6-р сарын 5-нд хүрээлэн буй орчны дэлхийн өдрийг тэмдэглэдэг. Орос улсад 2007 оноос энэ өдрийг экологичдын өдөр буюу байгаль орчноо хайрлаж, хамгаалдаг хүмүүсийн мэргэжлийн баяр хэмээн тэмдэглэх болсон. Хүрээлэн буй орчныг хамгаалах дэлхийн өдөр оросын хүн амын олонх нь зусландаа амардаг. Тэнд агаар цэвэр, экологи ч сайн байдаг. Экологийн сэдэв оросын хүн амын ухамсард хэдийн шингэжээ. Бид ууж байгаа ус, амьсгалж байгаа агаар, идэж байгаа хоол хүнсэндээ улам их анхаарах болсон. Оросын хүн ам хүрээлэн буй орчинд улам өндөр шаардлага тавьж байгааг социологийн судалгаа харуулж байна. Үүний дүнд экологийн байдал тэр дундаа оршин байгаа газраа сайн сайхан хэмээн үнэлэх хүмүүсийн тоо буурч байна гэж Орос улсын Дэлхийн онгон байгалийг хамгаалах сангийн байгаль орчныг хамгаалах бодлогын асуудал эрхэлсэн захирал Евгений Шварц үзэж байна.  Социологийн судалгааг үзвэл, экологийн асуудал оросын хүн амын сэтгэлийг түгшээж байгаа эхний таван асуудалд ямагт багтаж байсан. Бид цагтаа Сибирийн хэд хэдэн бүс нутагт судалгаа хийж, Красноярск, Хакас, Алтайн бүгд найрамдах улсыг харьцуулж үзсэн. Красноярск, Хакас эдийн засаг нь хамгийн их хөгжиж байгаа бүс нутаг юм. Тэндхийн хүн амын 13 гаруй хувь нь экологийн асуудлыг шийдэх нь эдийн засгийн өсөлтөөс чухал гэж үзжээ. Уулын-Алтайн хүн ам эдийн засгийн сайн сайхан байдал экологоос илүү чухал гэдэгт итгэлтэй байна. Алайтан нийт нутаг дэвсгэрийн 28 хувь нь онцгой хамгаалалттай байгалийн бүс юм. Орос улс сүүлийн жилүүдэд олон хотын экологийг эрүүлжүүлэх, олон улсын экологийн хэм хэмжээг нэвтрүүлэх, “ногоон” эдийн засагт хөрөнгө оруулах дорвитой ажил хийж байна. Үүний зэрэгцээ байгаль хамгаалах хууль тогтоомжийг цогцоор шинэчилж, хүрээлэн буй орчныг хамгаалах арга хэмжээнд тавих хяналтыг нэмэгдүүлэх, экологийн гэмт хэрэг үйлдсэн хүнд ногдуулах хариуцлагыг чангалж байна. Ерөнхийлөгч Д.Медведев 2020 онд эдийн засгийн эрчим хүчний үр ашгийг 40 хувиар нэмэгдүүлэх өөр нэг зорилт тавьжээ. “Энэ бүх арга хэмжээ Орос улсын инновацийн хөгжил, эдийн засгийн экологийн шинэчлэлд түлхэц болж байна. Дэлхийн экологийг хадгалахад энэ дорвитой хувь нэмэр болж байна” гэж Орос улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч Фроде Мауринг үзэж байна. Орос улсад экологийн бодлого боловсруулсныг бид дэмжиж байгаа. Одоо энэ зөв шийдвэрийг хэрэгжүүлэх цаг болсон. Капиталын дорвитой хөрөнгө оруулалт шаардлагатай тул энэ илүү төвөгтэй зорилт юм. Бүх шийдвэрээ хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Үүнээс гадна Орос улс эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, эрчим хүч хэмнэхэд чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлж эдийн засгийн хувьд ашиг олох боломжтой. Экологийн салбарт тодорхой алхам хийсний үндсэн дээр дэлхийг хамарсан зорилтод хүрэхэд Орос улсын оруулсан хувь нэмрийг бид сайшааж байна. Бизнесийн салбарынхан экологийн асуудалд хандах хандлага сүүлийн үед өөрчлөгдсөн гэж шинжээчид үүнтэй холбогдуулан тэмдэглэсэн юм. “Ногоон” технологи эзэмшсэнээр оросын зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжтой гэж тэд үзэж байна.
Орчуулсан Г.Нарангарав