Японы засгийн газрын тэргүүнээр эрх баригч ардчилсан намын шинэ удирдагч Наото Кан сонгогдлоо. Өнөөдөр парламент түүнийг ерөнхий сайдын албан тушаалд батлав. Сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлээгүйгээс засгийн газрын нэр хүнд хүчтэй унасны дараа огцрохоос аргагүй болсон Юкио Хатоямын оронд тэрээр ерөнхий сайд болов. Өдгөө 63 настай Наото Кан засгийн эрхийг 9 сар барьсан Хатоямын засгийн газарт дэд сайд, сангийн яамыг тэргүүлж байжээ. Засгийн газрын шинэ тэргүүн хүнд сурталтай эвлэрэшгүй тэмцэгч гэдгээр алдартай юм.