Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хятадад айлчлахдаа Солонгосын хойгийн байдал, Ираны цөмийн хөтөлбөрийн ирээдүйг хэлэлцэнэ. Манай тусгай сурвалжлагч Елизавета Исакова Бээжин хотоос дэлгэрэнгүйг хүргэнэ. Орос улсын Гадаад хэргийн сайд Азид богино хугацаагаар айлчилж байна. Энд ойрын үед өргөн хүрээтэй сүйрэл гарч, бүс нутгийн төдийгүй хөрш орнууд хохирч магадгүй байна. Өмнөд болон хойд Солонгосын хооронд мөргөлдөөн гарч болох тухай ярьж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Хойд Солонгосын талаар шинэ тогтоол батлуулах шаардлагатай тухай Сөүл мэдэгдсэний дараа Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн Москва, Бээжин энэ түүхийн хамгийн чухал тоглогч болсон юм. Өмнөд Солонгосын “Чхонан” хөлөг онгоц Умард Солонгосын хөлгийн харвасан пужинд өртөж сүйрсэн гэх баримтыг нарийн судлах шаардлагатай хэмээн Орос улсын хэдийн мэдэгдсэн юм. Хятад улс ч мөн ийм байр суурьтай байгаагаа мэдэгдсэн. Оросын төлөөлөгчид оролцсон хараат бус дүн шинжилгээний дүнг дор хаяж хоёр долоо хоногийн дараа нийтэлнэ. Тэгэхлээр Орос улсын Гадаад хэргийн сайд БНХАУ-ын удирдлагатай уулзахдаа судалгааны дүнг нийтэлсний дараа хоёр орон ямар байр суурьтай байх талаар хэлэлцэх төлөвтэй байна. Өмнөд Солонгосын талын танилцуулсан баримтыг нарийн судлах шаардлагатай бөгөөд хямарлыг зохицуулах зургаан талын яриа хэлэлцээнд анхаарал хандуулах шаардлагатай болохыг Сергей Лавров өчигдөр дахин тэмдэглэсэн билээ. Хэтдээ зургаан талын уулзалтыг сэргээхийг Сөүл үгүйсгэхгүй байна. Бээжин Умард Солонгосын засаг захиргааг яриа хэлэлцээнд чиглүүлэх бүрэн боломжтой. Орос улсын Гадаад хэргийн сайдын уулзалтын мөн чухал сэдэв Орос болон Хятад улсын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай байна гэж Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Андрей Островский үзэж байна.  Оросын Алс Дорнод болон Дорно Сибирийн хөгжүүлэхэд Хятад улс их үүрэг гүйцэтгэж байгаа тул нэгдүгээрт манай худалдаа-эдийн засгийн харилцааг өргөжүүлэх тухай ярих хэрэгтэй. Оросын Алс Дорнодын бүс нутаг болон Дорно Сибирь, зүүн-хойд Хятадын хооронд өнгөрсөн оны эцэст хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсныг санах хэрэгтэй. Оросын дэд бүтэц төдий л сайн биш тул энэ харилцааг хөгжүүлэх тухай ярихад одоохондоо төвөгтэй. Орос-Хятадын худалдааны түвшин мөн хангалтгүй байна. 2009 онд хоёр орны бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 20 тэрбум доллароор буурч 38,8 тэрбум доллар болжээ. Яриа хэлэлцээнд оролцогчдод хүнд ажил ноогдож байна. Сергей Лавров бүх асуудлыг хэдхэн цагт түншүүдтэйгээ хэлэлцэнэ.