“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. Олон орны мансууруулах бодистой тэмцэх албадын мэргэжилтнүүд мансууруулах бодисыг мэргэжлийн хэлэнд “Цас” хэмээн нэрлэдэг. Тиймээс Орос улсын Мансууруулах бодисын наймаанд хяналт тавих Холбооны албаны Приморын хязгаарын удирдах газар мөн БНХАУ-ын Хэлунзян мужийн олон нийтийн аюулгүй байдлын удирдах газар “Цас цэвэрлэх” нэртэй хамтарсан ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Энэ оны хоёрдугаар хагаст ийм ажиллагаа явуулах юм.  БНХАУ-д хоёр орны хил орчмын бүс нутгийн мансууруулах бодистой тэмцэх газрын зөвлөлгөөний үеэр энэ ажиллагааны тухай зарлажээ. Хятад, Орос улс бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдалд заналхийлж байгаа мансууруулах бодисын гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байна гэж Мансууруулах бодисын наймаанд хяналт тавих Холбооны албаны Приморын хязгаарын удирдах газрын дарга Александр Ролик Хятадад ажлын айлчлал хийх үеэр мэдэгдсэн юм. Орос улсад нийлүүлж байгаа мансууруулах бодисын 10 орчим хувь нь Хятадын нутгаар дамжиж байгаа тухай Бээжинд босон зөвлөлгөөнд оролцсон ОХУ-ын мансууруулах бодисын наймаанд хяналт тавих Холбооны албаны дарга Виктор Иванов тавдугаар сард сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Мансууруулах бодисын хамгийн ноцтой аюул заналын эх үүсвэр нь Афганистан байна. Тэндээс янз бүрийн замаар мансууруулах бодисыг Орос, Хятад улсад оруулж байна. Орос улсын Гадаад хэргийн яамны Москвагийн улсын олон улсын харилцааны дээд сургуулийн Зүүн Ази болон ШХАБ-ын судалгааны төвийн захирал Александр Лукин энэ асуудлыг ийнхүү дүгнэж байна. Афганистаны мансууруулах бодис нь онц хурц асуудлын нэг бөгөөд хөрш орнууд тухайлбал ШХАБ-ын гишүүн орны аюулгүй байдалд заналхийлж байна. Тиймээс энэ асуудлыг Орос, Хятадын бүх яриа хэлэлцээнд холбогдох газрын түвшинд хэлэлцэж байна. Хятадад мансууруулах бодистой тэмцэх тусгай байгууллага байхгүй. Нийгмийн аюулгүй байдлын яамны салбар энэ асуудлыг хариуцдаг. БНХАУ ийм тусгай байгууллага байхгүй ШХАБ-ын цорын ганц гишүүн орон юм. Орос улсад оруулж багаа мансууруулах бодисын 90 хувийг Афганистанаас, мөн Хятад улсад мансууруулах бодисын ихэнхийг Афганистанаас оруулж байна. Афганистаны мансууруулах бодис буюу “цас” төв Азийн орнууд, Орос, Хятад, Европын орнуудад орж байна. Хамтын хүчээр энэ цасыг арилгана. Орос, Хятад улс 2004 онд мансууруулах бодисын эсрэг тэмцэхэд хамтран ажиллах хэлэлцээрт, 2005 онд үүний нэмэлт протоколд гарын үсэг зурсан юм. Мансууруулах бодистой тэмцэх кампанит ажлын хүрээнд 6-р сарын 26-нд мансуурах, мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх дэлхийн өдөр орос, хятадын мэргэжилтнүүд тайлбарлан таниулах арга хэмжээ явуулахаар төлөвлөж байна.  “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Александр Романовын тайлбарыг хүргэлээ.