Орос, Хятадын шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны нэг зүйл нүүрсний моторын түлшний үйлдвэрлэл нь хоёр орны хамтын ажиллагааны тэргүүн зэргийн чиглэл байна. Дээд зэргийн технологийн салбарт хамтарсан компани байгуулж, орос-хятадын техно парк барьж байгаа хил орчмын нутагт орос, хятадын эрдэмтэд их идэвхтэй хамтран ажиллаж байна. Эрхүү хотод байгуулахаар шийдсэн хамтарсан хүрээлэн энэ салбарын хамтын ажиллагааг зохицуулна. Манай сурвалжлагч дэлгэрэнгүйг хүргэнэ.  Орос, Хятадын засгийн газар Сибирь болон Оросын Алс Дорнодын нутаг БНХАУ-ын зүүн-хойд нутгийн хооронд хамтран ажиллах хөтөлбөрийг өнгөрсөн жил баталсан юм. Хоёр орны хил орчмын нутагт хамтарсан 205 төсөл хэрэгжүүлэхээр баримт бичигт дурджээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбар, мөн Хятадын Хэйлунзян мужийн засаг захиргааны шинжлэх ухаан, техникийн газар Эрхүү хотод эрдэм шинжилгээ судалгааны хамтарсан хүрээлэн байгуулахаар шийдсэн байна. Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбар нь бүс нутгийн эрдэм шинжилгээ-судалгааны хүрээлэн, үйлдвэрийн байгууллага, салбарын нэгдэл юм. Холбоо, сүлжээний хамгаалалтын систем, үйлдвэрийн автоматжуулалт, биотехнологи, генийн инженерчлэл зэрэг нь Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын гол бүтээл билээ. Бүс нутагтаа технологийн чиглэлээр нэлээд хөгжсөн байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн хятадын эрдэмтдийн оролцсон олон улсын төсөлд мөн идэвхтэй оролцож байна. Хамтран байгуулж байгаа эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын хүрээлэн, Харбины эрдэм шинжилгээ инновацийн төвийн хамтын ажиллагааг зохицуулна.  Хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн шинжээчдийн комисс сонгон шалгаруулах үндсэн дээр хоёр талаас санхүүжүүлэх эрдэм шинжилгээний сонирхолтой төслийг сонгоно гэж Соболевский ярилаа. Шинэ материал, био технологи бүтээх, хүрээлэн буй орчныг хамгаалах, уламжлалт бус эх сурвалж нүүрс, битумаас моторын түлш үйлдвэрлэх зэрэг нь манай ажлын тэргүүн зэргийн чиглэл байна гэж тэр хэллээ. Белорусын Үндэсний шинжлэх ухааны академи Сибирийн салбарт ийм хэлбэрээр ажиллаж байна. Эрдэмтэд программ хангамжийн салбарт шинэ бүтээгдэхүүн боловсруулна. Үндсэндээ сургалтын хөтөлбөр, оюун санаа хөгжүүлэх тоглоом байна. Үүнээс гадна программ орос, хятад шрифттэй байх хэрэгтэй. Эрдэмтэд орос, хятад кодтой программ хангамж бүтээнэ. Өнөөгийн байдлаар Оросын 100 орчим оюутан суралцаж байгаа Харбины политехникийн дээд сургуулийн баазад түшиглэн аспирант солилцох асуудлыг Сибирь, хятадын эрдэмтэд хэлэлцэж байна. Ийнхүү аспирант солилцсоноор эрдэм шинжилгээний давхар удирдлагатай байхаас гадна шинэ мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллана.
Орчуулсан Г.Нарангарав