НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Израиль “Эрх чөлөөний Флотилии” хөлөг онгоцыг булаан эзэлснийг буруушааж, тэнд явсан хүмүүс, ачаа зэргийг суллаж, олон улсын мөрдөн шалгалт явуулахыг шаардлаа. Турк, Ливаны шаардлагаар хуралдсан Аюулгүйн Зөвлөлийн онц хуралдаан 12 гаруй цаг үргэлжилжээ. Аюулгүйн Зөвлөлийн гишүүн ихэнх орон болсон үйл явдлыг олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн хэмээн тодорхойлжээ. Газын зурвасын тэнгисийн бүслэлтийг сэтлэн палестины энэ нутаг дэвсгэрийн хүн амд хүмүүнлэгийн тусламж хүргэхээр явсан 6 хөлөг онгоцонд израилийн цэргүүд өчигдөр халдсан байна. Хөлөг онгоцонд янз бүрийн орны 700 орчим хүний эрхийг хамгаалагчид явжээ. Халдлагын үеэр дор хаяж 10 хүн үрэгдэж, олон арван хүн галт зэвсгээс шархадсан байна. Болсон үйл явдлын бүрэн дүр зураг одоогоор тодорхойгүй байна. Булаан эзэлсэн хөлөг онгоцонд явсан Ойрх Дорнодод энх тайван тогтоохын төлөө тэмцэгч хөдөлгөөний идэвхтэн, сэтгүүлч, багийн гишүүдийг баривчилсан тул тэд гадаад ертөнцтэй холбоо тасарчээ. Үрэгдэж, шархадсан хүмүүсийн жагсаалтыг өнөө хир танилцуулаагүй тул дэлхийн хамтын нийгэмлэг түгшиж байна. Гэхдээ одоогийн мэдээллээс үзэхэд Турк, Хятад, Орос улс болон бусад улсын даваа гаригт мэдэгдсэнээр “Эрх чөлөөний Флотилии”-д халдсан нь олон улсын хуулийг ноцтой зөрчиж байгааг илтгэж байна. Москвагийн улсын хууль зүйн академийн олон улсын эрхийн танхимын доцент Ярослав Кожеуров ярьж байна. Байгаа мэдээллээс үзэхэд Израиль Тэнгисийн эрх зүйн асуудлаарх конвенцийн зааснаар хөлөг онгоц чөлөөтэй зорчих эрхтэй задгай тэнгисийн бүст Газын зурваст хүмүүнлэгийн ачаа тээвэрлэж явсан хөлөг онгоцонд зэвсгийн хүчээр халджээ. Тэгэхлээр энэ хэргийг олон улсын эрх зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэж тодорхойлох нь бүрэн үндэслэлтэй, олон улсын хэлэлцээрт нийцэж байна. Дэлхийн олон хотод даваа гаригт Израилийг эсэргүүцсэн ажиллагаа болов. Стамбул, Парис, Афин хотод эсэргүүцлийн жагсаалд оролцогчид изралийн элчин сайдын яамыг сүйтгэх дөхжээ. Вашингтон, Лондон, Ром, Брюссель, Осло, Стокгольм хотод жагсаал цуглаан аядуу боллоо. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид олон нийтийн өмнө уучлалт хүсч, Газын зурвасын бүслэлтээ зогсоохыг Израилаас шаардаж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралд мөн ижилхэн уриалж байлаа. Израилийн цэргийн хөлөг онгоц Газын зурваст хүмүүнлэгийн ачаа хүргэж явсан туркийн хөлөг онгоцонд халдаж, хүний аминд хүрч, шархадуулсныг Хятадын тал шийдвэртэй буруушааж байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ма Жаосюй мэдэгдэв. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолыг бүрэн биелүүлж, Газын зурвасын хүмүүнлэгийн байдлыг сайжруулах арга хэмжээ дэмжихийг Хятад улс Израильд уриаллаа. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурлаар мөн ийнхүү уриалсан юм. Израль олон уриалгыг анхаарч, Газын зурвасын үр нөлөөгүй, үл зөвшөөрөх бүслэлтээ зогсоосон бол цус урсгахаас зайлсхийх боломжтой байсан гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын туслах Оскар Фернандес-Тарранко юуны түрүүнд тэмдэглэв. Палестин-израилийн асуудлыг зохицуулах ирээдүйд энэ хэрэг сөргөөр нөлөөлж болзошгүй гэж олон улсын хамтын нийгэмлэг онц түгшиж байна. Орос улсаас НҮБ-д суугаа төлөөлөгчийн орлогч Алексанр Панкин энэ талаар хэллээ. Сүүлийн үед энх тайван тогтоох үйл явцыг урагшлуулах урьтал нөхцөл бүрдсэн ч, болсон үйл явдлын дараа палестинчүүд яриа хэлэлцээнээс татгалзах бодолтой байна. Израилийн байр суурь гал дээр тос нэмж байна. Израилийн засаг захиргаа буруугаа хүлээхээс татгалзаж, нударга зангидан хутга, мод барин дайрсан хүний эрхийг хамгаалагчдын эсрэг цэргүүд гал нээхээс аргагүй гэж тэдний үйлдлийг зөвтгөж байна. Үүгээр ч зогсохгүй Тель-Авив цаашид ийм байдлаар хандах бодолтой байна. Одоо Газын зурваст дөхөж байгаа хүмүүнлэгийн ачаатай хөлөг онгоцыг зэвсэгтэй угтахад бэлэн гэж Израилийн Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдэв.
Орчуулсан Г.Нарангарав